Алдаа...
-
Тэр чиний хүүхэд мөн бишийг чи яаж мэдэх юм бэ? гэж амьсгаадан үглэх ээжийнхээ өөдөөс Бадрал юу ч хэлж чадсангүй.
- Бааранд ажилладаг , хэдэн халтар төгрөгний төлөө юугаа ч тавиад өгчихөж чадах хүүхэн чиний толгойг эргүүлж амьдралыг чинь баллах гэж байхад чи гэж нэг хүн хайртай дуртай гээд гэр орноо хүртэл мартах нь халаг хойноос нь гүйж байдаг.
Оюун авгай сүүлийн хэд хоногийн турш ингэж үглэн бага хүү Бадарлыгаа босовч суувч даган гэрээсээ ч бараг гаргахгүй цагдана. Номинтой танилцаж байсан нь саяхан ч гэлээ хэдийнээ бие биедээ хайртай болж ээнэгшин дассан. Дөрөвхөн хоногийн өмнө Номингийн нүдэндээ гэрэл цацруулан байж хэлсэн үг нь өнөөдөр эхээсээ өдөржингөө шахуу ээрүүлдэн эрүүний шөл уух шалтаг болно гэж Бадрал төсөөлсөн ч үгүй гэрийхэндээ баяртайгаар хэлж орхисон. Хэр барагтайд дуугараад байхгүй Донров хүүгийнхээ хөөр баярыг дэврээх үг хэлсэнгүй, унтраах үйлдэл ч хийсэнгүй. Ямар нэг зүйл болоогүй мэт хүүгээ тайван харж суусан бол Оюун сандарсан хийгээд тулгамдсан харцаар хүүгээ харж
- Ямар охин юм бэ дээ тэр чинь тэгээд. Эцэг эхтэйгээ ч уулзуулалгүй хүүхэд шуухадтай болчино гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дээрээ засаг захиргаатай хүн гэдгээ бодож явмаар юм гэж үглэж эхэлсэн.
Гурван тал, ширхэг ч хог чулуугүй цэвэрхэн хашаа , жижиг ч гэлээ цэмбэгэр гэр, хашааны нэг буланд тарьсан хүнсний ногоог харсан хэн ч гэсэн ажилтай амьжиргаатай айл байна даа гэж бодох ч гэлээ хурдан машин, шил толь болсон орон сууц, мисс мэт сайхан бэр төсөөлж явдаг Оюуны хувьд энэ бол доромжлол байлаа. Өдөр нь хүнсний дэлгүүрт худалдагч хийж, оройн цагаар баранд зөөгч хийдэг Номин түүний хувьд хүн гэдэг хүндэтгэлийг хүлээх эрхгүй нэгэн болж, бие давхар болсон баяр хөөрөө гудамжны хөх шороотой хутгалдуулан, өөрийн мэдэлгүй салхинд хийсгэчих нь тэр.
- За хүү минь сайн сонсож бай. Би тийм хүүхнийг бэрээ гэж хүлээж авахгүй шүү. Хэдэн найз нарын минь дунд нүүрийг минь ганц сайхан түлж байх шив чи. Яахаараа эцгийгээ ингэж дуурайдаг байнаа. Чиний аав залуу байхдаа чам шиг ингэж өөрийн ухаан бодолгүй өнөө маргаашдаа хөөрцөглөсөн амьтан байсан юм. Хэрвээ надтай суугаагүй бол өдийд ч гэсэн яг л тиймээрээ, олигтой амьдрал ч үгүй л явах байсан биз. Очиж очиж ийм унхиагүй занг нь дуурайж байдаг гэж эр нөхрөөсөө ч айж эмээх зүйлгүй хүүгээ хараах, зүхэхийн хооронд үглэнэ.
Бадралд эхийнхээ үгнээс гарах зүрх зориг байсангүй. Аав нь угаасаа элдэв зүйл хэлэхгүй тул түүний талаас дэмжлэг, өдөөн хатгалга юу ч хүлээгээд нэмэргүй. Ингэж явсаар нэг л мэдэхэд нэг сар , хоёр сар, гурван сар ар араасаа хөвөрсөөр. Номин ээжид нь загнуулаад гарсанаас хойш түүнтэй уулзах гэж ирсэнгүй. Өөрийнхөө бизнесд туслуулах нэрийдлээр эх нь түүнийг хажуунаасаа салгах нь үгүй.
Цонхон доорх моддын хатсан навчис амьдарлын гунигт өөрийн хөг эгшиг нэмэх ээлжээ хүлээн салхинд сэрчигнэн хэзээ уудам тэнгэрээс эх газрын хөрсөнд шингэхээ мэдэхгүй мөчиртөө санжигнасан намрын зэвэргэн өглөө. Хүйтэрсэнээс хотын утаа нэмэгдэж, өглөө босоход хорвоо ертөнцийг бүхэлд нь саарал манан бүрхсэн мэт цайран харагдах гудамжинд нэгэн хүн урд хормойгоо өшигчин, ээтийсэн буриад гутлынхаа хоншоорт бүдэрч унах шахан гүйхийг харсан хэн ч галзуу солиотой гэж бодох байсан биз. Харин тэр эмэгтэйд бусдын юу гэж бодох нь сонин бус зөвхөн өөрөө өөртөө аль болох хурдан явахыг сануулан гүйх шогшихын хооронд зам хороосоор Зурагтын эцсээс, Зайсангийн ганган орон сууцнуудыг зүглэн яваа нь энэ. Энгэр заам нь саалинд халтартсан хөдөө нутгийн борог бүсгүйн дээл мэт загалтсан дээлнийх нь дотоод хормой гутлын нь ээтэн хоншоорыг шүргэх шахах нь түүнийг улам навсгар , унхиагүй мэт харагдуулна.
Аз болоход ганган хотхоны манаач унтаж буй бололтой түүнийг анзаарсангүй. Хэрвээ харсан бол юун дотогш нь оруулах битгий хэл зуун метрээс дотогш ойртуулахгүй хөөж туух байсан биз. Энэ бол эзэндээ үнэнч мэт загнаж өөрийн хоолыг олж иддэг зусарч гөлөгний зан билээ. Бадам авгай гүйхээрээ явсаар хорин дөрвөн тоотын хүрэн хаалганы өмнө тулж зогсоод гэнэт энд юу хийж яваа билээ гэх мэт зогтусан удаан гэгч нь ширтсэнээ томхон амьсгаа аваад хаалга тогшлоо. Хичнээн бүдэрч унах шахан гүйхээрээ ирсэн ч өглөө эрт айлын хаалгыг хамаагүй нүдэж болохгүй гэсэн ухаан түүнд үлдсэн байж.
Гэвч хаалга тайлж өгсөнгүй. Ахиад жаахан хүчтэй тогшсон ч тайлсангүй тул гараа атгаж байгаад хүчтэйхэн балбалаа. Хажуугийн айл амьтнаас ч санаа зовсонгүй. Цээжинд нь хурах гуниг, бачимдал нь гарын шуугаар дамжин атгасан гаранд нь цуглан , лугшиж байх шиг санагдана. Удаж төдөлгүй гэрийн шаахай чирэх дуулдаж эрэгтэй хүн хоолойгоо зассанаа
- Хэн бэ? гэж омог бардам хэрнээ уцаартайхан дуугарлаа.
- Би Бадам байна. Хаалгаа хурдхан онгойлгоодох
- Хэн гэнээ. Хар өглөөгүүр айлын хаалга балбаж явдаг хаашаа янзын хүн бэ?
- Би Номингийн ээж Бадам байна. Танай хүүтэй уулзах яаралтай ажил байна. Хаалгаа хурдхан тайлаадхаач
Номингийн ээж гэж хэлсэнд нь тэрүү бачимдаж бахардах шахан хашгирахад нь болсон уу Донров хаалганы түгжээгээ мулталчихав. Хаалгаа онгойлгохгүй нь гэж уур нь шатаж эхэлсэн Бадам аажимхан онгойх хаалгаар сэмхэн орсоноо үүдний өрөөнд өвдөг дээрээ сөхрөн суугаад уйлж эхлэв. Өчнөөн километр газар амьсгаа дарах ч завгүй ирсэндээ багтарсан дотор нь нулимстай хамт хамаг хүчээ баран урсаж байх шиг.
Өглөөгүүр хүч түрэмгийлэн орж ирсэн гийчнээ гайхан харах Донров юу ч хэлэлгүй шилэн аяганд хүйтэн ус хийж түүний өмнөөс барив. Унтлаганы хувцастай хөл нүцгэн Оюун түүнийг айсан нүдээр ширтэн , хаалганы цаанаас шагайна.
- Бадрал хаана байна. Би хүүгий чинь өөрийнхөө гараар алах гэж ирлээ. Хаана байна тэр.
Оюун айн сандарч хүүгийнхээ өрөөний хаалган дээр тэгнэн зогссоноо
- Галзуу авгай минь хар үүрээр айлын гэрт орж ирчихээд юу гээд элдэв юм донгосоод байгаа юм бэ? Ямар гэм хийсэн гэж чи миний хүүг алах гэж ирдэг билээ
- Чиний хүү миний охиныг амьдаар нь алчихсан учраас би чиний хүүг алах гэж ирлээ.
Оюун, Донров хоёр бие биенээ ширтсэнээ хоюул зэрэг Бадам руу гайхан харав.
- Охин минь тэнд үхэх сэхэхээ мэдэхгүй тарчилж хэвтэнэ чиний хүүгийн буянаар. Хаана байна тэр амлаад байсан сайхан хайр, сайн амьдрал нь. Миний охинд танай энэ хөрөнгө хэрэг байгаагүй. Байх ч үгүй. Бид энүүнгүүгээр сайхан амьдраад л байсан юм. Гэтэл одоо алив. Зүгээр л мөрөөрөө амьдарч явсан охины минь сэтгэл зүрхийг өөртөө дасгачихаад, эцэс сүүлд нь үнсэнд хаясан шалз шиг болгоод сүүлээ хавчаад зугатаасан танай хүү. Алив гаргаад ир тэр хүүгээ. Би охиныхоо эцсийн үгийг нь дамжуулаадахъя.
Учир холбогдолгүй амнаас гарах үг, завсар чөлөөгүй урсах нулимсаа ч арчих тэнхэлгүй шалан дээр бөөдийн суугаа түүнийг хараад хүнд өрөвдөх сэтгэл төрөх байтал Оюуны нүдэнд зэвүүцлийн манан битүү бүрхээд ирлээ.
- Ингэхэд тэр хүүхэд манай хүүгийнх мөн гэж та нар юугаар батлах юм бэ? Хоногийн хоолоо яая гэж явсан хүмүүс энэ их хөрөнгөний булангаас атгангуутаа тавихгүй гэж зууралдаж байгааг чинь хэн ч хараад ойлгоно. Энэ жүжгээ дуусгаад манайхаас хурдхан гар.
Бадам түрүүнээс хойш шал ширтэж суусан нүдээ өргөн Оюуныг үзэн ядсан, бас өрөвдсөн харцаар ширтээд
- Чи энэ ганган байшин, эд хөрөнгөндөө сэтгэл чинь зовж байна уу? Чамд хүнийг энэрэх, хайрлах сэтгэл гэж юм байдаггүй юм байна. Иш чааваас ийм хүмүүстэй учирсаныг нь мэдсэн бол эртхэн охиноо татаж авах минь яалаа. Чи энд хөрөнгөндөө харам сэтгэл өвөрлөж зогсоход миний охин тэнд азгүй дурлалынхаа өр төлөөсөнд шаналж хэвтэнэ. Чиний бузар үр удмыг таслах гэхдээ өөрийгөө амьдаар нь алж байна ойлгож байна уу?
Аль түрүүнээс хойш чив чимээгүй зогссон Бадрал түүн рүү ухасхийн очсоноо урд нь өвдөглөн суугаад
- Та юу гэсэн бэ? гэж хоолой чичрүүлэн асуулаа
- Номин уржигдар цус алдаад эмнэлэгт хүргэгдсэн. Хүүхдээ зулбуулах гэж эм уугаад тэрнээсээ болж хамаг цусаа юүлчихээд амьгүй бие болоод хэвтэж байгаа. Би чамайг аваачих гэж ирсэн юм. Охиныг минь авраач. Чамайг очвол жаахан ч гэсэн тайвшраад бие нь дээрдэж магадгүй.
Бадрал юу ч хэлсэнгүй босон өрөөндөө орж гадуур хувцасаа өмсөөд машины түлхүүрээ шажигнуулсаар гарч ирэв. Оюун түүний замыг хөндөлсөн зогссоноо
- Чи хаашаа ч явахгүй шүү. Энэ арчаагүй амьтдын аргаа ядсан жүжигт бид яагаад итгэх ёстой юм бэ?
- Ээжээ та юу ярина вэ? Ингэтлээ уйлж дуулан жүжиг тавина гэж байх уу?
- Би ийм хүмүүсийг мэднэ. Ингэж гүйсээр байгаад чамтай бүр мөсөн зууралдаад авчихна гэж бодож байгаа. Авгай минь манай гэрээс хурдан гарч үз.
Бадрал бас л юу ч дуугарсангүй ээж рүүгээ нэг харсанаа хана налан зогслоо. Бадам энэ гэрийн гурван хүнийг ээлжлэн, ямар нэг зүйл горьдсон нүдээр хэсэг харж сууснаа хөмхийгөө зуун босон хормойгоо засаж янзлаад
- Хөрөнгөндөө цаламдуулчихсан хүн чөтгөрүүд. Энэ их хөрөнгөө идээд насаараа аз жаргалтай амьдраарай гэж хэлээд үүд рүү эргэхэд Оюун
- Тэр хэлээгүй юу. Өөрийнх нь жүжиг ямар ч үр дүнгүй болохыг мэдрээд буцаж байгааг нь гэж бахдалтай нь аргагүй өгүүлээд харавуу гэх шиг хүү рүүгээ бардам нүдээр ширтэв.
Гэнэт тасхийн дуугарч Бадрал толгойгоо даран бөхийлөө. Донров гартаа барьсан явган сандлыг газар шидээд
- Яачихсан дүүрсэн малнууд вэ та хоёр чинь. Оюун минь чи бүр хүнээ байж дуусчээ. Бадрал чи ч гэсэн. Чамд өөрийн гэх ухаан, толгой, мэдэл байна уу? Өдий гуч хүрч байгаа залуу, нялх хүүхэд шиг эхийнхээ хормойд чирэгдсээр чамд өөрийн гэх амьдрал алга боллоо. Яв чи. Очиж тэр охинтой уулз. Хүний охин хүүхэд тэнд шаналж хэвтэхэд та нар энд эд хөрөнгийн хэрүүл хийж суух. Арай ч дээ гээд ганц том алхаад өрөөндөө орж хувцасаа солиод үүд рүү зүглэв.
Оюун хэлэх үггүй гацаж нөхрийнхөө араас ширтэхэд онигор бор нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Амьдралдаа анх удаа нөхөр нь ингэж том дуугарч, хүүхэддээ гар хүрч байгаа нь энэ. Бадрал шанаагаа даган урсах цусыг алгаараа шударсанаа ярвайн ээж рүүгээ харахад Оюун
- Нэг муу гудамжны хүүхний төлөө хүүгээ алах нь уу чи? Хэзээ байтлаа чи ингэж хаа хамаагүй хүн өмөөрдөг болчоов гэж уйлах үглэх хослон гэрээр нэг орь дуу тавихад Донров хурдхан гарахын түүс болон Бадамыг чирэх шахам гэрээс гарлаа. Бадамын хэдэн цаг гүйж ирсэн замыг хэдхэн минутад туулаад очиход л Бадам анх удаа хөрөнгө чинээтэй байхын үнэ цэнийг мэдэрлээ. Хэрвээ тэр унаатай байсан бол хамаг биеэ салгалж чичиртэл тэгж гүйх хэрэг байсан гэж үү? Адаглаад хөлсний тэрэг барих мөнгөтэй байсан бол гэсэн бодол хоолойд нь тулан, цээжин дээр нь бөөгнөрөн хурлаа.
- Та чинь хаашаа явчихдаг юм бэ? гэх сувилагч хүүхний дуунд сандрангуй өнгө цухалзаж
- Ухаан алдаад бараг хоёр цаг боллоо. Эмч нар сэргээх гэж оролдож л байна гэж хэлж дуусаагүй шахам байхад өрөөний хаалга онгойн өөр нэг сувилагч зүрхний цахилгаан аппаратаа түрсээр гарч ирэхэд өндөр нуруутай буурал толгойтой эмч талийгаачийн нас барсан цагийг зарлах дуулдлаа.
Донров эмнэлэгийн шалан дээр лагхийтэл суун тусаад толгойгоо шаан цурхиран уйлахад бүх л амьдрал нь нүдний өмнө жирэлзэн өнгөрөх шиг санагдав. Өөрөөс нь болж нэгэн амь хорвоог орхин одсон мэт түүнд гашуудалтай бас гунигтай санагдана.
- Би ямар гээчийн алдаа хийчих вэ? Би хаана алдав? Бишээ бид хаана алдав?
Хөхөө өвлийн хүйтэнд зам дээр өлгийтэй хүүхдээ тэврээд машинд дайгдах гэж чичрэн зогссон тэр хүүхнийг авсан нь алдаа байсан уу? Эцэггүй хүүхдээ тэврээд хаачихаа мэдэхгүй явсан тэр хүүхнийг гэртээ авчирч гучин жилийн амьдралыг хамтдаа туулсан нь түүний алдаа байв уу? Эрх дураараа аашилж, олсон мөнгийг нь голж илүү ихэд шунан дурлахад нь эхнэртээ ганц ч үг хэлж байгаагүй нь түүний алдаа байв уу? Үг дуу цөөтэйд нь даварч гэрийн бүх л асуудлыг толгойн даан шийдэх эрхийг авчихан эхнэр нь алдаа юу? Хүүгээ хүний зэрэгтэй хүн болгож, эцгийн буйд ухаан суулгаж эр хүн шиг эр хүн болгож чадаагүй нь түүний буруу байв уу?
Тэр цурхиран уйлсаар өөрийнх нь хийсэн алдааны үрээр хорвоог орхин одож буй тэр залуухан бүсгүйн хойноос шаналан уйлсаар...
ЛуЗа
2010.06.22
Сэтгэгдэлүүд:
Бадрал уг нь гайгүй залуу даанч өөрийн гэсэн толгойгүй л дээ...
Дулмаагаа хэзээ үргэлжлүүлэх юм бэ
PLEASE...
mundag bichjee!
Gunigtai yumaa. Amidralaa gej...
Mundag bichsen bna bodit zuiliig
Уншлаа. Түрүүчийн сээгийнүүдийг залхууралгүй оруулжээ.
ReplyDeleteamjilt luza nuuj ireed ih yum bicheerei
ReplyDeleteроомбоонзоон крүүзээгээр юүвээнэ
ReplyDeleteхүүхнүүд иймшд .барьж байхгүй бол дээшээл яваадээдгийн
http://im-smiley.com/imgs/violent/violent030.gif
ReplyDeleteхааяаа зодож
http://im-smiley.com/imgs/violent/violent026.gif
хааяаа ташуурдаж байхгүй бол Оюун шиг болышүү
За Мээкээ сээноооо Надыг яагаа Орбинкон гээдайдын таанууд хаха
ReplyDeleteэмэгтэй хүн л ухаанатй амьдарчийж амьдрал сайн сайхан байна гэж би боддым тэхдээ дандаа зодоодайна ч гэж юу байхуу хөөрхийсийг тийм бидээ
Аагий баярлала гэхдэ яг уншсан чинь нууж ирээд ихийм бичээрэй гэж уншигджийна хихи