Автобусны цонхоор...

   

   Өдөр бүрийн 20 минут нь автобусанд өнгөрөх миний амьдрал. Суулаа, ухаалаг утсаа ширтлээ, буулаа гэх дараалал дунд гоц гойд юм ч үгүй. Энэ тэрийг бодох зуургүй хоромхон зуурын төдий хугацаа. 
     Хэдэн өдөр бүдийсэн саарал тэнгэр өнөөдөр л өөрийн өнгийг гайхуулсан уу? Эсвэл өнөөдөр л зөвхөн намрын налгар тэнгэрийн сайхныг мэдрэх ухаан надад байсан уу? ямартай ч холын тэнгэр, хонин цагаан үүлсийг ширтэх тэрхэн агшинд нүдэнд тусах буржгар урт үстэй хүүхний дүр. Гарцны цаана зогсоод юу нь ч юм сэтгэл татан инээх тэр эмэгтэй. Сайтар ажиглавал гарцны наана нэгэн залуу. Залуугийн царай үл харагдах ч буржгар үст эмэгтэй түүнийг харан инээх мэт. Зүгээр нэг инээмсэглэх биш бүр сэтгэл татам инээнэ. Өөрийн эрхгүй би тэднийг харсаар. 
   Автобус буудлаас хөдлөн гарцан дээр ирэн зогссоноор тэдний уулзалтыг бүр сайн дураараа, бүр ханатал хар гэх мэт. Ногоон гэрэл ассан ч эмэгтэй байрандаа инээсээр. Харин эрэгтэй зам хөндлөн гарангаа гараа алдлан сунгав. Тэд тэврэлдэв. Тэр тэврэлтээр тэд бие биенээ хичнээн их санасан сэтгэлийг мэдрэх шиг. Хориод секунд хэртэй тэврэлдсэнээ залуу бүсгүйн нүүрийг өргөж харав, зөөлхөн үнсэв, дахиад л тэврэв. Бүр нэг тийм амьсгаа давхцам баяр хөөр, хайр, хүсэл, гуниг бүгд л багтсан тийм тэврэлт. Улаан гэрэл асч автобус хөдлөв. Би харин бөглөрчих шахсан амьсгалаа задлан урагш харсан ч уруул дээр өөрийн эрхгүй инээмсэглэл тодорсоор...

Comments

Popular posts from this blog

Хадам аав