Утга учир...


Хүүгээ үнсээд эргэлээ. Багын нь төрхнөөс юу ч үлдээгүй байхыг бодоход олон жил өнгөрчээ. Хоёр гараараа хөхөө таг атгачихаад бувар бувар хөхдөг янзын хүүхэд байж билээ гэж бодтол чих дөжиртөл орилов. Өглөөний тооллого эхлэх гэж байгаа нь тэр. Харгалзагч нар хаалганы хавхлагаар шагайн өрөөн доторх бүх хүмүүсийг бүртгэнэ. Уурлаж , харааж загнаад байхгүй ч гэлээ харц нь цаанаа л нэг зэвүүн. Дээрээс нь мэдэхгүй хэлээр чих дөжигртөл орилохыг нь яана. Алтан харгалзагч нарыг яваад өнгөрөнгүүт нүдээ анин толгойгоо тэврээд түрүүхэн зүүдэлсэн зүүдээ үргэлжлүүлэх гэж хичээлээ. Гэвч хүүгийнх нь нялхын үнэр шингэсэн шингэн шар сэвлэгнээс өөр зүйл сэтгэлд нь буусангүй.

*******************************************

- Ээжээ байна уу?

- Өө миний хүү сайн уу?

- Ээжээ би таныг зүүдэлсэн. Өнөөдөр миний ээжийн төрсөн өдөр нь тиймээ?

- Тиймээ ээжийнх нь төрсөн өдөр

Хүү нь элдэв зүйлийг шалгааж байснаа ээждээ дуу дуулж өгөв. Бас ээжийгээ зөндөө их санаж байгаагаа хэлээд утсаа аавдаа өглөө.

- Байна уу?

- Байна аа

- Чи минь сайн биз дээ? Бие нь өвдөөгүй биз. Хоол унд нь гайгүй байна уу? Хүү маань ээжийн төрсөн өдөр гэж хөөрцөглөөд нэг л их онгирсон хүн байна. Овоо том болсоон. Энэ жил нэгдүгээр ангид орно. Бид хоёр боломж олдуул наад руу чинь явах санаатай. Гэхдээ хүүдээ хэлээгүй байгаа. Явж чадахаа байчихвал хий дэмий горьдоосон хэрэг болох байх. Өчигдөр бид хоёр дэлгүүрээс чамд бэлэг авсан. Өнөөдөр шууданд хийнэ. Ямар нэг хэрэгтэй зүйл байна уу?

Алтан юу ч хэлэлгүй, бас юуг ч үлдээлгүй сонсохыг хичээж зогссон тул асуултанд нь түгдэрсхийгээд

- Энд хэрэгтэй зүйл юу байхав дээ. Бороо ороод жаахан чийгтэй л байна. Хэд хоногийн өмнө бөөр өвдөөд тариа хийлгэсэн. Одоо гайгүй л байна. Дулаахан...

үгээ хэлж дуусаагүй шахам байтал хүүхдийн часхийн уйлах дуу гарсанаа эмэгтэй хүн чанга дуугаар загнах нь сонсогдов. Пүүжээ утсаа гараараа тагласан бололтой, жаахан бүдгэрэв. Гэвч хүүхдийн гомдолтой уйлах нь сонсогдож, эмэгтэйн хараах дуулдана. Пүүжээ хүүг аргадан хэдэн хором болсоноо

- За миний хүү ээжтэйгээ ярьж байгаарай гээд утсаа хүүд өглөө. Молор уйлж сууснаа ч мартан

- Ээжээ би таныг зүүдэлсэн гэж хэлсэн бил үү?

- Миний хүү ээждээ хэлсээн. Ээж нь хүүгээ сургуульд орохоор нь гоё юмнууд явуулах уу?

- Зүгээр ээ. Аав бид хоёр их юм авч мөнгө үрэхгүй гээд тохирчихсон. Харин та надад гоё пүүз авч өгөөрэй. Хүүхдүүд сургуульд аав ээжтэйгээ явдаг уу?

Алтангийн зүрхээр хатгаад авах шиг л санагдав. Хоолой дээр нь гарч ирэхгүй түгдчих үгсээ цааш нь залгиад

- Миний хүү аавтайгаа бас Урнаа ээжтэйгээ яваарай.

- Уул нь би тантай л хамт явмаар байх юм.

- Ээж нь зөндөө их ажилтай болохоор очиж чадахгүй нь. Харин хүүгээ сургуулиа төгсөхөөр нь ээж нь заавал очноо.

- Ээ гялай ээж ирэх нь гэж хөөрөх хүү хэдэн жилийн дараа сургууль төгсөх гэдгээ ч мэдэхгүй.

Утсаа тавиад Алтан хана налан хэсэг зогсох гэсэн боловч харгалзагч гарнаас нь сугадан чимээгүйхэн алхлаа. Хүний нутгийн шоронд тав дах жилээ өнгөрөөж байгаа түүнд өнөөдөр хэн ч хатуурхаж эс чадах аж.

Хүү минь ээжийгээ зүүдэлж. Өлгийнөөсөө ч салж амжаагүй нялх байхад нь орхиод одсон ээжийгээ ямар хүнээр төсөөлж зүүдэлдэг бол? Тэр өрөөндөө ороод өвдгөө тэврээд эхэр татан уйллаа. Утсаар яриад ирэх бүрдээ ингэж уйлдагийг нь мэдэх тул өрөөнийх нь хэд юу ч хэлсэнгүй. Гэвч ингэж уйлах нь сардаа нэг, заримдаа гурван сард ч нэг удаа байх тул бусдад тээр болох нь үгүй.

Урнаа хүүгий минь дахиад л загнаж байгаа байхдаа. Ямар гэм хийсэн гэж хүү рүү минь үргэлж тэгж загнаж хашгичиж байдаг байнаа. Пүүжээ минь дээ чамд минь өөр хүүхэн олдсонгүй гэж үү? Очиж очиж урд гудамжны Хар Урнаа шүү. Архичин, элдэв явдалтайгаараа нэртэй тэр хүүхэн нэг л өдөр өөрийх нь гэрт эзэн сууж, эр нөхрийнх нь өврийг дулаацуулж байгаа гэдэгтэй эвлэрч чадахгүй хэдэн сар сэтгэлээ сэмлэн, зүрхээ уран уйллаа даа. Гэвч тэр өнөөдөр үүнтэй хэдийн эвлэрчээ.

***************************************

- Манай ажлын нөгөө Ким байна ш дээ?

- Тийм

- Тэрний найз нь Монгол хүүхэнтэй танилцуулж өг гэсэн гэнээ

- Тэгээд ямаршуухан залуу юм бэ дээ

- Кимийн яриагаар бол боломжийн залуу юм шиг байна. Тэгээд бас надад нэг санаа байна аа гэж хэлэхдээ Хэрлэнгийн нүд очтол гялалзаж байлаа.

- Ямар санаа гэж?

- Кимийн найз нь ажил гэж явсаар байгаад эхнэр авалгүй дөч гарчихсан гэнэ. Тэгээд сэтгэл таараад хамт амьдарчихаар гайгүй хүүхэн олоод өгвөл шагнана гэсэн шүү

- Юугаар шаганан гэж?

- Юугаар гэдэг нь тодорхой ш дээ

- Юу?

- Өө чи нээрээ ингээд унхиагүй царайлаад байдаг шүү дээ. Боломжийн хүүхэн байгаад таалагдаад суувал бидэнд ч бас хэдэн цаас унана. Тийм болохоор аятайхан хүүхэнтэй л танилцуулчих юмсан.

Ингэж ярьсан өдрөөс хойш хоёр долоо хоногийн дараа Алтантай нэг өрөөнд ажилладаг Гэрэлмаа гэх бүсгүйг Кимийн найз хэмээх дунд зэргийн нуруутай, хурдан хөдөлгөөнтэй шавилхан хар хүнтэй танилцуулав. Мэдээж дээд боловсролтой, боломжийн царай зүстэй хүүхэн Солонгос залууд анхны уулзалтаараа л таалагдаж Алтан, Хэрлэн, Ким гэх хэдэн найзтайгаа нэг оройг ууж идэн наргиж өнгөрүүлэв. Удалгүй Ким эхнэрээ аваад Солонгос буцахдаа өгсөн хэмээн Хэрлэн түүнд гурван зуун доллар өгөв. Хэрлэнгийн хэлж байснаас бага мөнгө ч гэлээ, Хэрлэн өөртөө хэдийг нь үлдээснийг мэдэхгүй ч гэсэн зүгээр шахуу байж байгаад орж ирсэн мөнгө тул Алтан цүнхэндээ хийсэн мөнгө тэмтэрч үзсээр гэртээ ирэв. Алтан, Хэрлэн хоёрын гэр бүл зуулчлах бизнес ингэж эхэлсэн юм. Дахиад гурван хүүхнийг Солонгос залуучуудтай гэрлүүлэв. Санасныг бодоход залуучууд нь ч гэсэн боломжийн хүмүүс байж таарав. Хэрлэн Алтанд хувь гэж хүртээх ч өөртөө илүү ихийг авдаг гэдгийг тэр мэднэ. Гэвч хэл ам хийх нь үгүй. Нэг өдөр Хэрлэн аягатай халуун цай өмнө нь тавьснаа залжин нүдээрээ их л нухацтай Алтанг ширтээд

- Энэ удаад явуулах хүмүүс арай олон болчихлоо. Тэгээд ч нөгөө талаас ирж уулзахгүй байсан ч болно гэсэн тул хүүхнүүдээ шууд явуулахаар болсон.

- Яагаад тэр үү? Харж үзээ ч үгүй байж эхнэрээ болгож авах хүн байх уу?

- Өмнөх явуулсан хүмүүс маань танилцуулга, зураг хөрөгтэйгөө яг таарсан тул нөгөө талаас ирж очих зардалаа бас хэмнэе гэж бодсон биз. Тэгээд ч өмнө нь манайхаар зуучлуулсан хүмүүсийн таньдаг найз нөхөд нь байгаа гэсэн.

- Аан тэгвэл ч гайгүй байх л даа.

- Харин энэ удаад нэг нь тэнд очиж эхлээд нөхөр болох хүмүүстэй нь уулзаж, хүүхнүүдээ очиход нь тосч аваад гэр гэрт нь хүргэж өгч амьдралтай нь танилцах хэрэгтэй байна. Тэгээд ч дараа дараагийн хүмүүст газар дээрээс нь авсан зураг, бичлэг үзүүлбэл бидний ажилд улам л тус болно.

- Яах гэж?

- Өө чи нээрээ ингэж мэдэн будилж байдгаа болиоч дээ. Нөхөр болох хүмүүсийнх нь гэр орон, ажил төрлийнх нь талаар бичлэг хийгээд, иймэрхүү хүмүүс манайхаар үйлчлүүлдэг гэвэл хүмүүс итгэх нь ихсэж, манайхаар үйлчлүүлэх хүмүүс нэмэгдэнэ шүү дээ.

- Тэгээд хэн нь явах вэ?

- Чи л яваад ир. Надад бас энд гэрлэлт энэ тэрийг нь бүртгүүлэх ажил байна.

- Уул нь чи явсан нь дээргүй юу? Би чинь нялх хүүхэдтэй, тэгээд чи намайг бодвол бага сага ч гэсэн Солонгос хэлтэй хүн шүү дээ.

- Энэ бизнес миний санаа байж өдий хүртэл би хөдөлгөж ирлээ. Чи хэзээ болтол гар хөлийн жижиг зүйл зарагдах гэсэн юм бэ? Хэрвээ бидний ажил өргөсөөд хүрээгээ тэлвэл чи энэ зэргийн зүйлсийг өөрөө даагаад хийх чадалтай байх хэрэгтэй биз дээ.

Алтан олон зүйл хэлж чадсангүй. Нөхөртөө Солонгос явах гэж байгаагаа хэлвэл дургүйцсэн ч үгүй бас дуртай ч байсангүй. Угаасаа л элдэв үггүй бодь хүн тул аяны жижиг цүнхэнд ачаа барааг нь хамжилцан хийж элдэвийг үл шалгаана.

Онгоцны буудал дээр Ким түүнийг тосч авлаа. Урдны танилууд тул гар барин уулзаж тэдний гэрт очиж дайлуулав. Гэрэлмаа ч ажлын эгч ирж, бас нутгийн сонин хууч хөөрөх гээд хэдэн өдөртөө хөл хөөрцөг болон түүнийг гадуур дотуур дагуулан явж шинэ эхнэрүүдээ хүлээж байгаа хүмүүстэй уулзуулан тэдний ажил амьдралтай танилцуулав. Үнэхээр сэтгэлд хүрэхээр сайхан хүмүүс байсанд Алтан баярлаж орой болгон Хэрлэнд мэдээ илтгэнэ. Хэрлэн шинэ бэрүүдээ дагуулаад ирэх өдөр боллоо. Онгоцны буудал дээр тэднийг хорь гаран хүн хүлээн, догдлон байж ядна. МИАТ-ын онгоцны зорчигчид уван цуван гарч ирсээр дуусав. Харин Хэрлэн гарч ирсэнгүй. Тэр битгий хэл шинэ бэрүүд ч байсангүй. Гэрэлмаа гайхсан царайтай

- Алтаа эгчээ Хэрлэн эгч энэ онгоцоор ирнэ гэсэн биз дээ?

- Тэгнэ л гэж хэлсэн дээ. Би андуурсан юм болов уу? Алив миний дүү нэг залгаатхаач

Утас нь холбогдох боломжгүй гэх тул хил гааль дээр ямар нэг асуудал үүссэн юм болов уу? Аль эсвэл өөр онгоцоор ирэх байсныг нь андуурав уу? гэх элдэв асуултад, мөн гайхсан хүмүүсийн харцанд ээрүүлсээр шөнө дундтай золгов.

- Юу ч болсон өнөөдөртөө бүгдээрээ харъяа. Ямар нэг асуудал үүссэн болоод л холбоо чимээгүй таг байгаа байх. Магадгүй маргаашийн онгоцоор ирэх ч юм билүү гэж Ким хэлээд бүгд гэр гэрийн зүг тарцгаав. Тэд маргааш, тэрний маргааш гэсээр бүтэн долоо хоног Монголоос ирэх онгоцыг хүлээлээ. Гэвч Хэрлэн ирсэнгүй, холбоо ч барьсангүй. Алтан нөхөрлүүгээ ярьж, Хэрлэнгийн гэрт очиж үзтэл байранд нь өөр айл орсон байхаас гадна, яаралтай гадагшаа ажлаар явах болсон гэж хэлсэн гэлээ. Ингээд Алтан мухардав. Хаашаа, хэнийг гэхээ мэдэхгүй Кимийнд толгойгоо гашилган өдрийг барна. Эхнэрүүдээ хүлээсэн хүмүүс ихэндээ гайхсан харцаар харж суудаг байснаа удалгүй түүн рүү аагдан аашилж, харааж зүхэх мэт их дуугаар зандрах нь ихсэв. Арга ч үгүй биз. Гэрэлмаагийн хэлсэнээр тэд зуучилсаны хөлс гэж тус бүр тав таван сая, гэрийхэнд нь өгүүлэх гэж бас тав таван сая, эхнэрийнхээ хувцас хунар ирэх зардал гээд сая сая вон өгцгөөсөн гэж байв. Хүн тус бүрийн арван нэг сая. Таван хүнийх нийлбэл тавин таван сая вон. Энэ бол их мөнгө. Харин Алтан энэ талаар юу ч мэдээгүй байлаа. Бид очоод мөнгөө авна тэгээд зад дэлгүүр хэсэж гоё гоё брэнд хувцас амч өмснөө гэж Алтанг хөөрөгдөж байхдаа Хэрлэн дараагийн ашиг хонжоогоо бодож суусан биз. Эхнээсээ Алтангаас мөнгөө нэхэж эхэллээ. Даанч түүнд буцах онгоцны зардал ч байсангүй.

- Очоод хэзээ ирэхээ мэдэх биш буцах билет авч яах гэсэн юм. Тэгээд ч аягүй бол тэнд хурим найр болоод бид хүндтэй зочид болно. Бараг сар гарангийн ажил болно биз гэсээр Хэрлэн түүнээр буцах билетийг нь авахуулаагүй. Бас намайг очтол Кимийнд байж байгаад хоёулаа мөнгөө аваад гоё буудалд буунаа гэсэн сайхан үгсүүд нь ч хөөс адил замхарсан байлаа. Өдөржингөө гэрт нь эргэлдэж, бүр хэрүүл шуугиан хийх болсон тул Ким Алтанг гэрээсээ явуулахыг Гэрэлмаад хэлэв. Харин Гэрэлмаа түүнийг гар гээд гудамжинд хөөж гаргаж чадахгүйгээ хэлэн нөхөртэйгөө муудалцсан тэр өдрийг үдээс хойш тэдний хаалгыг цагдаа тогших нь тэр. Гэрэлмаа юу хэлэх яахаа мэдэхгүй бүлтэлзэх бол Алтан хажууд нь юу болоод байгааг ч ойлгохгүй сандарч зогсоно.

- Нөгөө хүмүүс чамайг өөрсдийнх нь мөнгийг өгөхгүй байгаа гээд цагдаад мэдэгдчихсэн байна.

- Арай үгүй байлгүй дээ. Миний дүү сайн тайлбарлаад хэлээд өг тэгэх үү. Эгч нь ч бас тэр мөнгийг сайн мэдэхгүй. Хэрлэн л бүх учрыг мэдэх ёстой. Миний дүү сайн хэлээд өг л дөө гэж гуйх ч ойр зуурын хэлтэй Гэрэлмаа түүнд тусалж чадсангүй.

*********************************

Зүүн уулын солонго нь

Баруунаа гарсан чиг яахав дээ

Зүүдлээд л сэрэхэд минь миний ээжий үрдээ харагдаж л байвал жаргалтай

Алтан хоолой мэдэн дуулна. Эмээ нь зовлон үзсэн хүмүүс сайхан дуулдаг гэж хэлдэг байсны учрбг одоо л олох шиг. Өдөр бүр гэрээ, ээжийгээ, ханиа , хүүгээ санахдаа, Хэрлэнг үзэн ядсан сэтгэлээ тайвшруулах гэхдээ тэр дуулдаг байв. Нэг л мэдэхэд түүнийг дуулахад бүх л хүн дуугаа хураан чимээгүй болж, хэдий мэдэхгүй хэлээр ч гэлээ чих тавин чагнаж, түрхэн зуур ч гэлээ өөрсдийн амьдрал, аз жаргал бүхнийг эргэн санадаг болсон байв.

- Ээжээ охин нь гучин нас хүрлээ. Сайхан нас. Бага байхад энэ насны эгч нар ямар сайхан харагддаг байлаа. Би ч гэсэн жаахан хүүхдүүдэд сайхан харагдах болов уу? Одоо ч үгүй биз дээ. Тал нь унаад шингэрчихсэн үс, тойрч харалсан нүд, бас зовхи нь унжчихсан, эцэж турчихсан намайг хэн л сайхан гэж хэлээ аж гэж бодохтой зэрэгцэн

- Миний ээж энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй. Би тандаа зөндөө их хайртай. Заримдаа таны үнэрийг зөндөө их санадаг. Урнаа ээжийн үнэр гоё л доо. Гэхдээ л .... гэж ээжтэйгээ хамт байж үзсэн мэтээр ярих хүүгийнх нь үг санаанд орж сэтгэлийг нь дэндүү хүндрүүлнэ.

Хүүгээ төрүүлсөн нь болохоос анхны цахиур нь гарч, анх удаа алхаж, хэлд орохдоо ээжээ ааваа биш эмээ гэж хэлэхэд нь хүртэл хамт байж чадаагүй. Гэтэл одоо сургуульд ороход нь ч хамт байж чадахгүй нь. Өөрөө анх нэгдүгээр сургуулийн үүдэнд өвөөгөөрөө хүргүүлэхдээ ээжтэйгээ хамт явмаар байсан ч цаг наргүй их ажилтай ээж нь хамт ирээгүйд гомдож, өөрөө ээж болохдоо заавал хамт явна гэж бодож байж билээ. Гэвч чадсангүй. Харин тэр хүүдээ амласан. Сургуулиа төгсөхөд нь заавал очно гэж. Залилангийн хэргээр авсан арван таван жилийнх нь ялаас гурван жилийг нь хөнгөрүүлсэн. Монголд бол таван жил л өгдөг юм шиг байна гэсэн нөхрийнхөө үгэнд итгээд, өөрөө хийгээгүй хам хэрэгтэн тул тэрнээс ч бага өгөх байх гэж найдж байсан ч арван таван жилийн ял гэдгийг сонсоод орчуулагч охин луу итгэж ядсан харцаар зөндөө удаан ширтэж билээ. Үнэн байсан.

Эхний нэг жилдээ уйлж дуулан, элий балай хүн мэт байж хараглзагч нарыг мөн ч их зовоож өөрөө ч тэдний хараал, зодуурыг амсаж байсан. Харин хоёр дах жилээс түүнийг үйлдвэрт цагийн ажилд гаргадаг болсоноос хойш тэр уруу дорой царайлан унжийхаа больж, бусад хоригдлуудаас хоёр дахин их ажлыг ажрахгүй хийчихээд байдаг болсон тул түүнд хатуурхаж гадуурхах хүнгүй болсон. Бүр зарим нэг сул дорой хоригдлууд ажлаасаа хамжилцуулаад түүнд бага сага мөнгө өгнө. Тэр мөнгөө хурааж байгаад гурван сар болохоор нь гэрлүүгээ явуулна. Хүүгээ л ээжтэйгээ хамт байгаа мэт элэг бүтэн өсгөх хэрэгэтэй гэсэн бодол нь түүнийг тэжээн тэтгэж, голыг нь зөөллөж, амьдрах утга учир нь болно. Тэр нөхрөө өөр хүүхэнтэй холбооттой болсоныг нь мэдээд амиа хорлох гэж оролдов. Шөнийн харанхуй нөмөрч өрөөнийх нь хүүхнүүд жигдхэн амьсгалж бүгд унтсан хойно ажил дээрээ авчирсан оёдол ханзалдаг жижиг хутгаа гаргаж, судсаа ханав. Цеметэн дээр нилээн сайн үрсэн тул ширхийн, өвдөлт ч мэдэгдсэнгүй гарыг нь зүсэж орхив. Гарын алга халуу дүүгэн нойт оргино. Бие нь сулбайн нойр хүрэх тул өөрийн эрхгүй нүд анилдаж эхэллээ. Гэнэт хүүхэд часхийн уйлав. Хоёр гараараа хөхөө барин хөхөж байсан хүү нь сүүндээ хахаж цацан уйлж, түүн рүү гараа сарвайсаар цааш алслан холдох шиг болоод тэр сэрэв. Нойрноос сэрэх биш түр зуур ухаан орсон нь тэр байж. Алтан хамаг хүчээ шавхан хажуугийнхаа хүн дээгүүр даваад төмөр хаалганд тулж байдаг чадлаараа балбалаа. Өрөөнийх нь хүүхэн босч гэрэл асааснаа шөнийн харанхуйг зүсээн чарлаж эхлэв.

Долоо хоногийн дараа эмнэлэгт сэрлээ. Хамаг цусаа юүлчихсэн тул түүнд хүч тэнхээ тамир гэх юм байсангүй. Хөдлөх тоолонд нь хянах харгалзагч түүнийг ийм зүйл хийсэнд нь итгэж ядан байх шиг. Нар халуу төөнүүлсэн зуны өдөр. Алтан орон дээрээ өндийн суугаад бүртийх ч үүлгүй хэрнээ бүүдийн сааралтах тэнгэрийг ширтэж сууснаа шоронгийн дугаартай хувцасаа сандлын ар дээр тохсон байхыг харлаа. Зүүн талын ханцуй нь тэр чигтээ цусанд будагдсан байх бөгөөд цээжин дээр нь хоёр газар толбо болон халтартсан байх. Алтан хувцасаа авч гайхан харвал үнэхээр ямар нэг зүйл дусаад дарайн хатсан байх бөгөөд тийм гэхийн аргаггүй танхил үнэр үнэртэнэ. Яг л хүүгийх нь сэвлэгнээс үнэртдэг байсан шиг үнэр. Үхлийн үзүүрт ирэхийн цагт хөхийг нь чинэрүүлж, хүйгээрээ холбогдох үртэй хүн гэдгээ дэндүү сайн мэдэрлээ. Алдсан ч, оносон ч амьдрал жижиг гэлтэй амьдрах утга учир хэзээд байдаг гэлтэй...



ЛуЗа

2010.11.04

Comments

  1. энэ банжиг нээрээ хэрэг алгаа хайн гэж

    ReplyDelete
  2. Бас байхгүй болцон байна шд. Банжигийг хувь хүн дангаар эзэмшдэг үү. Эсвэл ямар нэгэн компани байгууллага ард нь байдаг уу.

    ReplyDelete
  3. Goy oguulleg bolson baina.

    ReplyDelete
  4. Saikhan boljee. Dotor neg l davchdaad, ogshood ireh yum. Nulimas duslaa.

    ReplyDelete
  5. amjilt utga uchir jijig zuild l orshdog bhaa

    ReplyDelete
  6. Аагий бид л мэддэггүй болохоос биш тиймийм билээшд

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав