Үрэгдээгүйг хүлээгсэд...




Хоёр хөгшин өглөө эртлэн босжээ. Эмгэнээ босч өрх татах чимээгээр өвгөн өндийж суугаад дэрэн доороо хийсэн ганц хайрцаг янжуураа гаргаж ирлээ. Өвгөн илтэд голсон янзтай ширхэг янжуурыг хурууны үзүүрээр имэрч сууснаа орны урдах сандал дээрх лааны тавиур дээрээс шүдэнз авахаар өндийтөл дахиад л зоон дундуур нь хатгачихав. Шүдэнзэндээ ч хуруу хүрч чадалгүй ярвайн буцаж хэвтвэл эмгэн гаднаас аргал хормойлон орж ирсэнээ өвгөнөө хараад
- Хүн гараад ороод ирэхийг тэвчиж чадахгүй хүнээ та минь. Намайг орж ирэхээр л тамхиа татахгүй дээ. Эмч битгий хөдөл гэж хэлсэн биз дээ.
- Би арай ч шээсний газраа хүрч чадахгүй тартагтаа тулчаагүй байна шүү. Тэгээд ч хүүгээ ирэх өдөр орондоо хэвтэж өнжмөөргүй байна. Алив тэр хөвөнтэй дээл аваад өг.
Өвгөн нэг л ингэж хэлсэн бол хичнээн үг хэлээд ч нэг чихээр оруулаад нөгөө чихээр гаргадаг зантайг мэдэх тул эмгэн зузаан хөвөнтэй дээлийг нь хоймрын авдраас гаргаж өгөөд хориод жилийн өмнө өвгөн сумын наадамд яваад ирэхдээ авчирсан яагаан пансан алчууранд боосон зүйлийг гаргаж нямбай гэгч нь орон дээр тавьлаа. Сумын наадамд хурдан амгайг нь будилуулж бариад айргийн тавд багтуулаагүйд гомдсон өвгөн сумын төвөөс гэр хүртэлх гучаад километрийн зайд айл бүхнээр мордон аяга тагш хүртсээр ирэхдээ дээл нь шороотой , алга нь шалбархайтай байсан ч ханьдаа авсан алчуураа энгэрийнхээ халааснаас хорвоогийн нандин эрдэнэ аятай болгоомжтойхон авч нялх биетэй эхнэртээ өгч байсан тэр өдрүүдийн өнгө нүдний өмнө жирэлзэн суутал өвгөн гаднаас хоолойгоо зассаар орж ирээд
- Хяруу унаад удахгүй хүйтрэх нь дээ. Эртхэн шиг хээрээс жаахан аргал дөхүүлж авахгүй бол болохгүй нь хөгшин минь. Одоо ч хүү ирээд бид хоёр санаа зовох зүйлгүй өвөлжиж болох нь. Өнгөрсөн гурван жилийн өвөл ч яггүй өнгөрлөө шүү гээд нүүр угаах ус хутгахаар эргэнэг дээгүүр шанага хайх зуураа эмгэнээ нүдний булангаар сэмхэн харж
- Чи минь гал хөсөө түлэхгүй юу болоод байдгаараа урвайчихаав дээ. Холоос хүүгээ ирэхэд уйлж дуулж сэтгэлийг нь үймрүүлэх гээ юу муу ёр байгаа даа. Алив хурдалж үз. Юу юугүй л ороод ирнэ шүү гэх нь өөрөө ч бас сэтгэл нь үймрэн нялхарч байгаа ч тэрийгээ эмгэндээ мэдрүүлэхгүй гэж хичээн байх шиг.
Эмгэн ч цэлхэрч унжсан зовхио дээлийн дотоод хормойгоороо шудран арчаад бушуухан шиг цайгаа чанахаар босов. Хүүгээ ирэхэд өгөх гэж хадгалсан цагаан сарын бурханы идээний дээж , дөчин литрийн бидонтой айраг , ууцны тал гээд бүх л зүйлийг гадаах чингэлэгээс оруулж эргэнэг дээр өрөхөд өөрийн эрхгүй цагаан сар болох гэж буй мэт сэтгэгдэл төрмөөр. Нар хэдийн ханын толгойд буужээ. Аль түрүүнээс хойш хөдөлж холхисон хоёр өглөөний цайгаа ч угаагүйгээ санан зүүн талын орны урд өөд өөдөөсөө харан тухаллаа.
- Хүү минь яг хэдэн цагт ирэх бол гэж асуух зуураа эмгэн хатаасан өрөмний уутнаас үртэс хаман өвгөний аяганд хийж өгөв.
- Харин л дээ. Өчигдөр л ирэх сураг байсан. Өнөөдөртөө ороод ирэх байх. Ядаж энэ гар утас нь зай байхгүй шүү. Байсан бол хойд толгой дээрээс ярихгүй юу. Гэхдээ санаа зовох юун хүү минь бид хоёрыгоо санаад бэтгэрсэн амьтан хамгийн түрүүнд л наашаа зүглэнэ шүү дээ. Харин намаржаанд буусан гэдгийг мэдэхгүй л байгаа даа. За яахав сумын төв ороход хүмүүс хэлэх байлгүй. Хүү минь нөгөө яриад байдаг сайхан машинаа авсан байхаа. Одоо ч хүүгээ ирэхээр сумын төв орох гэж өдрийн баран морин дээр шогшихгүй амар болох нь байна шүү гээд өвгөн цээжээ хэржигнүүлэн инээх аядав.
Өглөөнөөс хойш гарч орж хөдөлсөндөө ядарсан хоёр хөгшин халуун цай уугаад бие жаахан тавираатахав. Нүүж буугаад олон хоноогүй ч гэр нь нэг л навсайж , новшроод байх шиг эмгэнд санагджээ. Нар хоймрын авдарын урд унах үед хоюул гарч гэрийн хошлон , өрхний оосор , гэрийн цагаан бүрээсний сул унжсан үзүүр гээд дэл сул бүх л зүйлийг эвтэйхэн тойлдож цэгцэллээ. Өвгөн хэд хоногийн өмнө тугалын хашаа цэвэрлэж байхад зоогоор нь хатгачихаад хэдэн өдөр босоогүй ч хүүгээ ирнэ гэхэд сэтгэл хөөрөн өглөө эртийн нартай уралдан боссон ч өдрийн тал хүрэлгүй тамир нь барагдаж , гол тасрах мэт өвдөх ч эмгэндээ хэлсэнгүй.
Гэвч эмгэн түүний царайнаас хараад л хэрхэн өвдөж байгааг нь мэдэрч , бүр өөрийнх нь зоогоор хатгах мэт л болно. Олон жил ханилсан улс газар дээр гишгэсэн мөрийг нь хараад л ямар нэг зүйл болж гэдгийг шууд мэддэг ажээ. Эмгэн илүү гэрээсээ ундааны саванд хийж хөлдөөсөн сүү оруулж ирээд гэсгээхээр галын ойр тавих зуур "Юм хөгжих ч сайхан юмаа. Хэдхэн жилийн өмнө зун сүүгээ гашилгачихгүй юмсан гэхдээ ааруул , ээзгий болгон хураадагсан. Өдөр өдөрт нь л хийхгүй бол сүү гашлаад хайран болдог байж билээ. Гэтэл одоо ингэж ундааны саванд хийгээд л сумын төвийн хэн нэг айлын хөлдөөгчинд хийчих юм. Сайхан ч юмаа даа. Бид бас азтай байна. Урдны хүмүүс ийм зүйлийг нүдээр үзэх нь битгий хэл байдаг ч гэж төсөөлөлгүй явсаар орчлонгоос буцаж шүү дээ" гэж бодоод инээхэд залуу цагийх нь цайлган инээмсэглэл нүүрэн дээр нь тодров.
...............................................................
Сөүл - Улаанбаатарын чиглэлийн ОМ 302 онгоц газардахад ах дүү, хань ижил , найз нөхдөө тосохоор ирсэн олон хүлээн авагчдын танхимд пиг дүүрлээ. Зүүн гартаа жижиг цүнх барьж , баруун гартаа томоо чемодан чирсэн залууг хэн ч тоссонгүй. Хамт ирсэн залууг ээж нь тосоод мөнгөн аягатай сүү барихад залуу золтой л нулимс дусаачихсангүй. Гэхдээ ээжээс нь илүү өөр хэн нэгэн хүнийг харуулдан танхимыг хэдэнтээ нүдээрээ нэгжин хайсан боловч тэр байсангүй. Залууг танхимаас гарахад тэрүүгэр холхилдож байсан залуус гүйн ирж "Машин авах уу?" гэж асуухдаа горьдсон харцаа бас давхар илгээнэ. Хажууханд хашлаган дээр сууж байсан настай эмэгтэй рүү гар даллатал тэр ч цаасан хайрцгаар бүрсэн цагаан утсаа барьсаар хурдан хурдан алхаж , хэн нэгэн өөрөөс нь өрсөх вий гэсэн байртай яарсаар ирэв. Залуу олон сар жилийн турш цээжинд нь хадаатай явсан найман оронтой дугаарыг залгаад хэсэг хүлээлээ. Утас дүүд дүүд дуудсаар эцэст нь "Таны залгасан хэрэглэгч утсаа авах боломжгүй байна" гэсэн наалинхай хоолой сонсов.
- Хаачих вэ? Ядаж хаягийг нь мэдэхгүй болохоор хаашаа гэж явахав. Түүний санаанд буух хүн байсангүй. Нэгэнт л тэр хүн тосно гэсэн болохоор өөр бусдад ч хэлээгүй ирсэн байдаг. Тэгээд ч бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд түүний толгойноос Монгол дах амьдрал тэр чигээрээ арчигдсан мэт алга болж. Хотод өөрийн гэх хамаатан садан ч байхгүй тул хаачхаа бодон хэсэг зогссоноо дахин цагаан утасны авгайг дуудан залгаж үзэв. Харин энэ удаад "Таны залгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна" гэсэн хариу өглөө. Онгоцны буудлын хаалган дээр зогсон нэг ширхэг тамхи татчихаад хамгийн урд зогсоо жижиг тэргэнд орж суув. Жолооч түрүүнээс хойш хүн олох гэж гадуур гүйсэндээ бээрэн машиндаа орж суутал араас нь үйлчлүүлэгч өөрөө ороод ирсэнд итгэж ядан нүдээ томруулан түүн рүү ширтсэнээ
- Дүү хүү хаа хүрэх үү? гээд машинаа асаалаа
- Нарантуул зах оръё.
- Чи ч Солонгост удсан шинжтэй харагдах чинь. Шууд зах явах гэж үү? Ядаж гэр орноороо орохгүй юу? гэж элдвийг шалгаах жолоочид хариу хэлсэнгүй Яармагийн дэнжийг ширтэж явахдаа
- Хот их өөрчлөгдсөн байхдаа гэж хэлэв.
Жолооч хаа газрын хов жив , Монголчуудын хэцүүхэн амьдралыг өөрийн мэдэх өнгөөр хараал ерөөлөөр хачирлан байж ярьж дуусахад Нарантуул захын ногоон хаалганы өмнө ирж зогслоо. Залууд Монгол мөнгө байсангүй тул хэтэвчээ гарган арван мянган вон авч өгвөл жолооч анх харсанаасаа ч гайхсан царай харуулан
- Ахын дүү тоглоод байна уу? Андуураад байна уу? Энэ чинь Монгол шүү дээ
- Харин тиймээ ахаа надад Монгол мөнгө байдаггүй . Та үүнийг авчих тэхүү. Хариулт хэрэггүй ээ гэхтэй зэрэг жолооч ч мөнгийг нь шүүрэх шахам аваад
- За дүү хүү сайн яваарай гээд олон машин дундуур алга болж өглөө.
Залуу эцсийн найдвар болсон хүнээ эрэн захын хаалган дээгүүр хэд эргэлдэж байтал
- Хүүе Доржоо сайн уу? Чи мөн үү гэсээр нэгэн эмэгтэй дөхөж ирэх нь түүний хайсан хүн мөн байжээ. Урьдны танилтай таарсандаа баярласан залуу түүнийг дулаан газар дагуулан орж халуун хоол цай аван өөд өөдөөсөө харан суув.
- За тэгээд сайн явж ирсэн үү? Мөнгийг бол ч уут уутаар нь цуглуулаад ирээ л биз дээ.
- Сайн явж ирсээн. Танайхан сайн уу? Та энд цагны зай зардаг хэвээрээ л байх шив. Би Нямаа руу залгасан чинь утсаа авдаггүй. Уул нь намайг тосно гэж хэлсэн юмсан. Тэгээд ямар ганцаараа тэнд зогсоод байлтай нь биш гээд тань дээр хүрээд ирлээ. Та манай гэрийн хаягийг мэдэх үү?
- Өө тэгээ юу ? гэж асуухдаа танил эмэгтэйн харц "Тэгж л таарна даа" гэсэн өнгөөр гялалзахыг залуу анзаарсангүй.
- Би уул нь мэдэх нь мэднэ. Харин тэр байр нь харуул хамгаалалттай, баргийн хүнийг дотогш оруулдаггүй юм билээ. Би нэг удаа очсон. Тэгээд ч маниус шиг хувцас хунар , царай зүс муутай хүмүүсийг ад үзэх хүн олон болсон дөө гээд аягатай цайгаа гарандаа атгаад алгаа бүлээцүүлэх гэж оролдоно.
Доржоо нутгийн эгчээр заалгасаар гэрийнхээ үүдэнд ирлээ. Гурван жилийн турш өмсөж зүүх ,унтаж хэвтэх , найз нөхөдтэйгээ даргиж наргихаа мартан байж цуглуулсан бүх хөрөнгө нь энд бий. Үүдний харуул Доржоог харан сайхан инээмсэглэсэн ч хажуудах хүн рүү нь ямар нэг муу муухай зүйл харсан мэт хялалзан зогсоно. 305 тоот руу орохоо хэлбэл
- Та тэгвэл гэрийн эзний ах нь байхнээ. Үгүй гэж хэлсэн ч мэдэхээр тийм адилхан юм байна. Бодвол та гадаадаас ирж байгаа бололтой юм. Танай дүү нар ч сайхан хос шүү гээд өөрөө урд нь гарч гүйсээр 305 тоотод хүрч ирлээ. Хаалга тогшиход Хэн бэ? гэсэн эрэгтэй хүний дуу гарах нь их л сүрдмээр. Харуул
- Би үүдний харуул байна. Танай ах гадаадаас иржээ гэхтэй зэрэгцэн хаалга торхийн онгойход хорин гурав , дөрөв орчим насны залуу зогсож байв. Түрүүнээс хойш танай ах гэж ярьсан харуул их хэрэг бүтээсэн мэт Доржоо өөд эргэж харсанаа гайхсан царайнаас нь айл андуурч гэж бодсоор нүдээ хурдан хурдан цавчлан зогслоо
- Энэ Нямаагийнх мөн үү?
- Уул нь гэрийн эзэн нь би юмсан. Харин Нямаа гэж манай эхнэр. Та өөрөө хэн билээ.
- Нямаа гэртээ байгаа болов уу?
- Усанд орж байна. Та ямар хэргээр явж байгаагаа хэлчихгүй юу гэж хэгжүүрхсэн өнгөөр харьцах нь Доржоод таалагдсангүй.
- Би нутгийнх нь хүн байгаа юм. Өнөөдөр Солонгосоос ирлээ. Тэгээд намайг тосоод замын унаанд суулгаж өгөөч гэж гуйсан юм. Харин ирсэнгүй гайхаад гэрийг чинь заалгаад ирлээ. Ороод хүлээж байж болох уу? гэсээр хариу ч хүлээлгүй чемоданаа чирэн орж явчвал гэрийн эзэн юу ч хэлж чадсангүй. Харин танил эмэгтэй орох эсэхээ шийдэж ядан үүдэн дээр зогсож хоцорсон тул Доржоо эргэж хараад
- Та ч гэсэн ор л доо. Юунаас нь бишүүрхэж зовдог юм бэ? Удаан уулзаагүй Нямаа таныг хараад баярлах байхаа гэсээр гутлаа тайлан зочдын өрөөнд орж суулаа.
Удсан ч үгүй угаалгын өрөөнөөс хүн гарч ирэх чимээ гарсанаа , унтлагын өрөөнд өөр хоорондоо шивнэлдэх чимээ гарав. Төд удалгүй зочдын өрөөний хаалгаар сэмхэн шагайсаар орж ирсэн хүн Доржоогийн хайж явсан хүн биш байлаа. Гэхдээ Доржоо л биш гэж бодсоноос биш Харганатын хөндийн жаахан Нямаа хөдөөний улаан хацарт охины дүрээ хотын дэгжин бүсгүйн дүрээр солин зогсоог төд удалгүй ойлгов. Нямаа ч түүнийг хараад сандран , нутгийн эгч рүү өширхөн зэвүүрхэх янзтай харц шидлэн , мэнд ч мэдсэнгүй.
Гуравхан жилийн өмнө , бид орон байргүй бол яаж хүний дайтай амьдрах вэ? гэж ятгасаар түүнийг хэл ус , ёс заншилыг нь мэдэхгүй харин оронд үдэж өгөхдөө ч , ганцхан сарын өмнө чамайгаа ирэх гэж байгааг сонсох тусмаа улам их санаад байх юм гэж хоолой зангируулж суусан хайртай бүсгүй нь танихын аргагүй өөр болжээ. Тэр Доржийг харж нэг санаашран , нөгөө залуугаа харж нэг сандран оройг барав. Шөнийн харанхуй нөмрөөд ирэхийн алдад нутгийн эгч гэр лүүгээ харихаар босоход Дорж цүнхээ уудлан хүүхдүүдэд нь чихэр , өөрт нь цамц, нөхөрт нь ганц шилтэй цэнхэр боож өгөөд, үдэж өгөн орж ирэхэд Нямаагийн хар хүн их л ууртай байртай түүн рүү цамнаж зогсоно.
- За Нямаа гуай. Та ч нөхөртэй хүүхэн байсан юм биз дээ. Тэгээд бас болоогүй хайртай дуртай гээд гүйж байдаг. Ямар азаар батлуулъя гээд байхад чинь батлуулаагүй юм бэ?
- Чи юу яриад байгаа юм бэ? Тэр миний нөхөр биш урьдын үерхэж байсан залуу. Юу ч мэдэхгүй хөдөөний цайлган амьтан байгаа юм. Хоюулаа хөнгөхөн аргалж байгаад нутаг явуулчихаж болно шүү дээ.
- Би тэгж буяндаа бузар хиймээргүй байна. Чамдаа байр авч өгнө , нэгэнт гэрийн эзэн болох юм чинь чиний нэр дээр авчихъя гээд байсан ийм учиртай байсан юм биз дээ. Тэгж ч луйвар хийхээ болих уу даа
- Чи юу донгосоод байгаа юм. Тэр луйвартаа чи аль хэдийн ордогоо орчихсон мэдэв үү? Миний авч өгсөн хувцас хунар , машин тэргийг зүгээр л олоод байсан гэж бодож байна уу? гэхэд нөхөр нь түүн рүү гар далайн цохихын даваан дээр Доржоо түүнийг өрсөж цохиж амжлаа.
- Өө тэнэг малаа. Өөрийг нь хуурсан янхандаа гаргаж чадахгүй байгаа уураа надад гаргана гэнээ.
- Янхан гэнээ. Чи дахиад хэлдээ Янхан гэсэн үү? Энэ бүсгүй тийм хүн биш. Гэтэл чи түүнийг тийм бузар амьтадтай зүйрлэнэ гэнэ ээ гэсээр Доржоо түүнийг цохисоор.
Удалгүй байрны гадаа цагдаагийн машин ирэхэд харуул
- Уул нь их соёлтой , боловсон , гадаадаас ирж байгаа сайн хүн шиг л байсан юм. Ийм танхай этгээд гэж мэдсэн бол би юу гэж дотогш оруулахав дээ хэмээн үглэсээр цагдаа нарын урд зам заан гүйлээ.
..................................................
Нар уулын цаагуур аажуухан жаргахыг харсаар хоёр хөгшин гадаа удаан зогсжээ. Хөвөнтэй дээл жиндээд ирэхийн үед эмгэн өвгөнөө тохойноос нь түшин
- Орж бүлээн юм ууя. Оройхондоо ирэх байлгүй. Хот энэ хоёрын хооронд зайтай юм чинь гэж хэлэхдээ аавыгаа хот яваад ирэх өдөр хүү нь гадаа зогсчихоод орж унталгүй оройг барахад хүүгээ аргадаг гэртээ оруулдаг байсан үеэ саналаа.
Өвгөн хариу хэлсэнгүй ороод аяга цай уучихаад хоол ч идсэнгүй баруун талын орон дээр бүхлээрээ хэвтчихэв. Нуруу нь их л янгинан өвдөх бололтой.
- Хөгшөөн ядаж ороо засаад хэвтэх юм биш үү? Хоёрын хооронд бүхэл хэвтээд.
Өвгөн хариу дуугарсангүй , нулимстай нүдээ хөгшнөөсөө нуун ханын толгой ширтсээр.
Эмгэн зуухны амаар дүрэлзэн асах галын дөлийг ширтэж хэсэг суутал үхэр тугал мөөрөх сонсогдов.
- Ээ харал гэж. Тугалаа хашихаа мартаж гэж үглэсээр гэрээс гартал аль хэдийн эхний тугалууд ээждээ гүйн очиж хөхөж зогслоо.
- За яршиг намайг очих гэсээр байтал хөхөөд дуусна биз. Намрын тугал ямар хүчигдэх биш. Тэгээд ч хүү минь ирж байхад эд ч гэсэн нэг өдөр гэдэс цадаж баярлаг гээд гэртээ буцан орлоо.
Зүү талын ор налан суутал хэсэг зүүрмэглэчихэж. Хүү нь нэг л их цасан дундуур зүтгээд , ээжийгээ дуудаад байх шиг. Гараа сарвайн тэмүүлэх хүү нь яг л хөлд орж байсан үеийн нялхаараа харагдахад өөдөөс нь тосон гүйх гэтэл хөл нь хөдөлсөнгүй. Өвгөнөө дуудах гэсэн боловч дуу нь гарахгүй. Хүү нь нус , нулимсандаа нүүр нь халтартан гараа сарвайн зүтгэх ч байрнаасаа хөдөлсөнгүй. Гэтэл пидхийн дуугарах чимээнээр эмгэн цочин сэрвэл зуны турш аарцны шар сүү ууж муу зан сурсан алаг үнээ эврээрээ хаалга сэжин шар сүү нэхэх мэт пид пад хийн чимээ гаргана.
- Золиг гэж. Гашуун архинд орсон хүн шиг чи ч бас юмаа нэхсээр ирэв үү? гээд өндийн аравын хувинтай исгэлэн тарагнаас шанагаар хутган хүйтэн устай цийдэмлээд гадаа гарч түмпэнд нь хийж өглөө. Гадаа хэдийн шөнө болжээ. Эмгэн хөлөө арай ядан зөөж явсаар тугалаа хашив. Эхийгээ хөхөж ханасан тугал орой бүр хүч үзэн ухаант хүн дийлэн ялдаг тулаанд ордог шигээ байсангүй өөрсдөө залхуутай нь аргагүй хашаа руугаа цувран оров. Эмгэний бие нэг л хүнд оргино.
Шөнө дундын үед хөгшнийхөө яраглах дуунаар өвгөн сэрлээ. Зүүн тийшээ эргэж лаа асаах гэсэн боловч бие нь өөрт нь захирагдахгүй мэт. Арайхийн шүдээ зуун эргэн лаа асаавал эмгэний царай нэг л зовиуртай цонхигор харагдав.
- Хөгшөөн яагаав? Даралт чинь ихдээ юу? Царай чинь нэг л биш харагдах чинь
Эмгэн хариу хэлсэнгүй , харин сулхан дуугаар яраглана. Хурдхан босоод духан дээр нь дарж үзмээр байвч босох тэнхэл хүрэхгүйдээ өөрийгөө хараан цөхрөв. Өвгөн арай гэж ханын нүднээс чангаасаар өндйилөө. Хөлстэй нуруугаар нь хүйт даан дахин янгинахад аль болох хурдхан дээлээ нөмрөв. Гэвч түүний хурдан гэж бодсон хугацаанд хэд дахин өмсөж тайлж болохыг өвгөн мэдсэнгүй. Орон дээрээ өндийн суугаад хөлөөрөө тэмтэчсээр хуучин муу монгол гутлын ирмэгийг олж гишгэв. Гэвч өмсөж арай л чадсангүй. Урьд ингэж суугаад гутлаа өмсөж чадахгүй бол эмгэн өмсүүлж өгдөгсөн. Харин гэтэл эмгэн нь дөрөвхөн алхамын зайд дөчин бээрийн алсад байх мэт холын холд шаналан харагдана. Хурдлах хэрэгтэй.
Өвгөн шүдээ зуун суудал сэлгэн хажуу тийш боллоо. Одоо арай л дөхөм болсон тул нэг хөлөөрөө ивэн байж гутлаа босгоод нөгөө хөлдөө углав. Түүнийг гутлаа өмсөж өндийх гэсээр байтал эмгэн амандаа ямар нэг зүйлийг шивнэж эхэллээ. Гэвч юу гэх нь үл сонсогдох ажээ. Өвгөн нэг гараагаа орны ирмэг дээр тулан нөгөө гараа зүтгүүлсээр унинаас бариад зуугуухан өндийлөө. Аз болж нуруугаар нь дахин хатгасангүй. Яг л хэзээ ч бөхийхгүй шонгийн мод мэт цэх алхсаар эмгэнийхээ хажууд ирэн , мөн л өмнөх байдлаар ганц ч хэм хайзайлгүйгээр өвдөг дээрээ бохирон суув. Эмгэнийхээ нүүрэнд нүүрээ наан хэлэх үгийг нь сонсохыг хичээх ч эмгэн дахин дуугарсангүй.
- Хөгшин минь халуун цай уумаар байна уу? Би чанаадах уу? Хаана чинь өвдөөд байна вэ?
- Хүү минь хаана байна? Яагаад ирсэнгүй вэ?
- Ирэлгүй дээ
- Хүү минь хаана байна? Ээждээ яагаад ирэхгүй байгаа юм бэ?
- Хөгшин минь маргааш гэж өдөр байна шүү дээ юунд ингэж өөрийгөө зовооно вэ?
Өвгөн өөр зүйл хэлж чадсангүй. Нулимстай зовхио мойнийж , ажилд эвэршсэн гараараа арчаад гал түлэхээр зуугуйхан өндийлөө. Яг л хэзээ ч бөхийхгүй шонгийн мод мэт...
Тиймээ маргааш гэж өдөр бий... Нар хэдхэн цагийн дараа мандана ... Нэг л өдөр Хүү ирнэ... Хөгшид магнай хагартал баярлана...
ЛуЗа
2009.10.10

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-10 16:08:04
ЯМАР Ч ХАТУУ ЮМ БЭ ДЭЭ
2. tungaamnh | 2009-10-10 16:11:22
гайхалтай бичжээ, үнэхээр их таалагдлаа
3. LuZa | 2009-10-10 16:17:49
Агаа мэн амьдралд ийм зүйл олон байна шүү дээ

Тунгаа баярлалаа
4. Hilde | 2009-10-10 16:20:11
сэтгэл сэмрэв ...
5. amanjinka | 2009-10-10 16:22:45
ИЙМ ЗҮЙЛ ОЛОН БҮҮ БАЙГААСАЙ ДАА
6. serenity ♂ | 2009-10-10 16:54:24
таалагдлаа маш их
7. nekee (зочин) | 2009-10-10 19:36:03
mongoliin margaash duusdguim
8. bayar77 (зочин) | 2009-10-10 19:43:57
vnexeer caixan bolj vneniig bichcen bn iim amidral olon bvv baigaacaa udaxgvi niceed l ochino doo bi gvigvil aduu
9. LuZa | 2009-10-10 20:00:34
5.Агаа мэн тиймээ олон бүү байгаасай

6. Баярлалаа Сэрэнэти

7. Мэкээ тэр чинь харин сайхан шүү , үргэлжлээл

8. Баяр77 хурдан нисээд очоорой
10. S_burjak (зочин) | 2009-10-10 20:14:32
сайн байна уу би чиний бичсэн зүйлийг унших их дуртай байдаг юмаа.ёоо сэтгэл зовоод ээж дэрээ хурдан очмоор болчлоо,сайхан бичжээ.өө тийм нэрээ ахин ирсэнд талархаж байга шүү
11. nekee (зочин) | 2009-10-10 20:18:52
yagaad medrel geedaagaan yomb
12. LuZa | 2009-10-10 20:20:38
Буржак яасан хөөрхөн нэртэйм. Ижийдээ яваад очихгүй ч гэсэн мэнд мэдэж сэтгэлийг нь дэвтээж байгаарай. Биднээс илүү санаж бэтгэрч суудаг хүмүүс шүү


Мэкээ юмб гэж юугсэн үгийн
13. nekee (зочин) | 2009-10-10 20:29:14
um be gesnii uurtai bubilbar he he .bi naa mekee nerend chin durguishd
14. amor | 2009-10-10 20:36:54
амжиж очоосой!!
энүүгээр тэнүүгээр тэнээд яваа улсууд.
15. LuZa | 2009-10-10 20:37:49
Надаа лав таалагдаад байнаа хихи
16. LuZa | 2009-10-10 20:40:07
Ш.Х.Амор харин тиймээээээ бид ч гэсэн удахгүй харина тиймээээ
17. enhee (зочин) | 2009-10-11 00:48:05
shan bichij ee. Yag l uud bolson uvuu min sanaand orood nulims duureed l irlee. yaj ingej setgel ruu hurgej bichij bna aa gaihaltai ya! iim bolhoor l bi tanii blogiig unshih durtai!
18. 5nbuudal | 2009-10-11 09:27:10
estoi achilalgvi hvv baina daa etseg ehdee ochihgvi 1 muu teneg hvvhen rvv gvij yawdag
19. Oyuna | 2009-10-11 15:07:45
за даа бид ч энд тэндхийн хүн хайж эцэг эхдээ ачлалгүй яваа хүмүүс шүү дээ
20. chimgeeitgel | 2009-10-11 21:36:12
аймаар бичжээ. монгол ахуйг маш сайн мэддэг хүн гэдэг нь үгийн сонголтон дээр нь харагдаж байна, баяр хүргэе.
21. LuZa | 2009-10-11 21:47:01
Энхээ баярлалаа дандаа уншиж байгаарай

5буудал ийм хүмүүс амьдралд ихээ

Оонаа хэлээд юу гэхүү ээ хихи

Чимгээ баярлалаа
22. Жиргээ | 2009-10-12 09:22:46
shaal urt yum garlaa, suuld l usegliidee
23. Болор Сарнай | 2009-10-12 10:22:17
Мундаг бичих юмаа
24. Ordi | 2009-10-12 13:30:25
үрэгдээгүйг хүлээгч, орчин цагийн "хүлээгч" нар юм даа хөөрхийс.
25. LuZa | 2009-10-12 13:44:28
Ооёо хүлээлгээд байлгүй эртхэн хариа

Ягаансарнай баярлалаа

Залхуу Жаргаа
26. bolorka83 | 2009-10-12 13:48:49
bi eniig unshchihsan yum bn hongoroo urgeljlehguimuu daaaaa..
27. Хэлтэрхий | 2009-10-12 18:23:01
Гайхалтай
28. LuZa | 2009-10-12 19:45:15
Хонгор минь ээ энэ үргэлжлэхгүй болой

Гэлтгий хүү баярлалаа
29. elbenhen (зочин) | 2009-10-16 14:50:06
самсаа шархирчлаа
30. jaga (зочин) | 2009-10-19 17:03:09
1. Parents gedgiig sanaarai.
31. Mik | 2009-10-21 12:58:23
bayarlaal siahan niitlel bn shuu

Comments

Popular posts from this blog

Хадам аав