Оройтсон гэмшил...

Найрын дуунд сэтгэл хөдлөхдөө дусал нулимс унагалаа

Намайг гэх их хайрын чинь хариуд итгэл нимгэллээ

Нууж үнссэн уруулаа айргаар норгон шилэмдэхдээ

Нүүж буух амьдралын чинь хоймор аз жаргал шивнэн шившлээ...



Намрын сэвэлзүүр салхи хацар зөөлөн илбэж бие жиндүүлэхэд налж суусан бараандаа улам шигдлээ.

- Тэр ингээд л хүнийх болчихлоо гэж үү? Ийм хурдан уу? Надад хайртай гэж хэлээд үнсэж байсан нь саяхан биш гэж үү?

Болдын толгойд түмэн өнгийн бодол эргэлдээстэй. Харин хариу нь , учиг нь үл олдон тэрхэн бодлууд зангирна. Арван жилийн жаахан охин байхдаа л зүрх сэтгэлд нь байраа эзлэн хэн нэгний өмнө нээхгүй гэсэн мэтээр бат бөх хадагдчихсан Хулангийн төрх.

Ай Хулан гэж... Нэрэндээ таарсан хулан шиг төрхтэй охин. Том том цагаан шүдээ гарган, толгой гэдийлгэн чанга инээхэд нь сэтгэл хоргодон түүнийгээ оролдож улам ихээр инээлгэхийг хүсэх арван есөн насны дурлал. Түүний анхны хайр нь Хулан байсан бол Хулангийн анхны хайр хэн байсныг тэр яаж ч хичээж мэрийгээд олж мэдэж чадаагүй. Хөнгөн сүүрс алдахад гунигтай нь хамт сэтгэлд нь бөглөрөх нэгэн таамаг.

Тэр нэгэн намрын орой. Жаран лаапмын чийдэнд нүдээ жаатайлган дээл хавж суугаа ээж. Харин хэрхэн оёхыг нь хараад, хаваас бүрийг нь мэдрэх гэсэн мэт хурууны өндөгөөрөө тэмтэрч үзэх Хулан. Тэр юу ч дуугарсангүй, хэсэг суугаад босохдоо

- Дугараа эгчээ сайн сууж байгаарай. Би маргааш хот руу явах гэж байгаа.

- Еэ харла. Тийм л дээ. Хүү минь явах хугацаа нь дөхчихсөн үү? Яасан ч хурдан юм бэ? Алив байз эгч ... нь гээд хоймрын авдар луу эргэсэн ээж орны ширдэгэн доор хийсэн түлхүүрээ олохгүй мунгинана.

- Хүүхэд гэдэг хурдан том болох юм даа. Золиг гэж. Манай энэ дэлчгэр хүүтэй ааруулаа булаацалдаад уйлж суусан жаахан амьтан нэг л мэдсэн сургууль соёлын мөр хөөгөөд явах болчихсон байдаг. Та нарыг харах тусам бид ч улам бүр хөгширч байгаагаа мэдрэх юм даа гэж олон үг болох ээж, аавын хориод жилийн өмнө багийн дарга байхдаа хэрэглэж байсан хуучин савхин хавтсан дотроос арван мянгантын даргар шинэ дэвсгэрт хоёрыг гаргаж ирээд

- За хүү минь эрдэм номтой сайн хүн болоод ирээрэй гээд Хуланд өгөхөд

- Үгүй зүгээрээ. Надад ийм их мөнгө өгөх хэрэггүй ээ гэж цааргалах ч өөрт нь гээд өгч байгаа зүйлийг хараад сэтгэл нь сэргэн нүд нь үл мэдэг гялалзах хонгорхон охин.

- Миний хүү Хулангаа гэрт нь хүргэж өгөөд ир гэж хэлэхдээ түрүүнээс хойш нэг ч хором түүнийг нүд салгалгүй ширтэж суусан намайг анзаарсан мэт. Урд нь бол уухайн тас гэрт нь хүргэж өгөөд ирэх байсан бол өнөөдөр хөлд хүнд төмөр туухай зүүчихсэн мэт даагдаж өгөхгүй зовлонтой. Гарыг нь үзэгний үзүүрээр хатган уйлуулж, "Учиртай гурван толгойн"-н Нансалмаа шиг хацар дээр нь мэнгэ тавиад өгье гэж үзгээрээ хацар дээр нь зурах гэж дайран уурлуулж, цээж түрэн төмбийн ургах хөхийг нь хөндөн өвтгөн уулга алдуулж, биед нь хүрч ч амжаагүй байхад тас тас инээх инээдийг нь сонсох гэж элдэвийг нь барж байгаагүй мэт тэр өдөр. Анх удаа түүнтэй нүүр тулан уулзаж байгаа мэт халуухан. Юу ч дуугарч үл тэвдэн явтал нэг л мэдсэн тэдний гэрийн бараа тодрон харагдана. Саруулхан, сартай шөнө. Түүнээс нэг л ялдам үнэр үнэртэх шиг. Гараас нь ч болов хөтлөх сэтгэл байвч зориг дутах залуухан хөвгүүн би. Тэр ч бас хөнгөхөн санаа алдахаас өөрийг хэлсэнгүй. Ингэж явсаар тэдний гэрийн гадаа ирлээ.

Хөв хөв хуцан ирсэн Анч сүүлээ шарвагануулан эзний урд хойно нэг гарсанаа хотоо эргэлээ гэсэн мэт хотны урдуур шогшоод харанхуйд уусав. Хичнээн саруул шөнө ч гэлээ шөнийн харанхуй нам гүм. Хулан гэрлүүгээ шууд орсонгүй. Ямар нэг зүйл хэлэх гэсэн мэт хэсэг шуухитнаж зогссоноо

- Чи хэзээ хот орох вэ?

- Мэдэхгүй ээ. Хэрвээ хотод хуваарилагдвал очиж байх.

- Аан

Дахиад л сэтгэл хүйт оргим нам гүм.

Тэр ямар нэг юм хүлээсээр байгаа мэт зогссоор. Гэнэт л ухаан орсон мэт

- Хоёулаа хотны захад очиж жаахан юм ярьж суух уу?

Тэр юу ч хэлсэнгүй. Харин өлмий дээрээ хөнгөхөн эргээд цааш алхлав. Би өнөөдөр л түүнийг анх харж буй мэт араас нь шимтэнгүй ширтлээ. Хэзээ ямагт хажууд ойрхон байсан хэрнээ түүнийг хэрхэн өөрчлөгдөн намба сууж, хэдийнээ хүүхэн шинж орж, Уртын хөндийн залуучуудын сэтгэл гижигдэх болсоныг би мэдээгүй л байв.

Тэдний хотны хойхон талд байх хоёр жижиг хар модны хажууд ирлээ. Өчигдөрхөн энд хөзөр тоглон шуугилдаж байгаагүй мэт чимээ аниргүй. Доороо дэвсэж суусан цаасан хайрцагнууд тэр хэвээрээ газар хэвтэнэ. Хоёрыг авч давхарлаад суудал засав. Хулан чимээгүй харж зогссоноо одоо боллоо гэсэн мэт очиж сууснаа газраа боргойцой авч хаашаа ч юм шидэлнэ. Ямар нэг хэцүү зүйл болчихоод гарч олдохгүй зовж байгаа хүн мэт. Хөнгөн сүүрс алдан хэсэг сууснаа мөрийг минь дэрлэв. Бидний амьсгаа зөрж байсан болохоор намайг дэрлэх нь түүнд нэг л эзгүй байх мэт. Түүнд эвтэйхэн байхаар суудлаа засав. Хэзээ ч биелэхгүй мөрөөдлийн эцсийг үзээд зогсож байх мэт. Зүрх хэтэрхий хурдан хурдан цохилно. Хулангийн гар аажуухан хөдөлсөнөө гарыг минь атгаж, алгыг нь дээш нь харуулаад зөөлөн илбэв. Тэгсэнээ эргүүлэн арыг нь үнэрлэж, хэсэг байзнаснаа үнсэв. Нэг тийм зөөлөн дулаан мэдрэмж. Яг юу гэж хэлэхийг мэдэхгүй. Тэр толгойгоо өндийлгөн нүдийг минь харанхуйд олж харах гэж хичээн байх шиг удаан ширтсэнээ уруул дээр үнсэх нь тэр. Аадар бороонд норж, аянганд цохиулах мэт л санагдав. Харин тэр аянганы нөлөөгөөр нэг л мэдсэн бид үнсэлцэж, тэр амьсгаадсандаа багтрах гэж байх мэт зөөлөн гиншин дуугарна. Энэ бүхэн оршилдон сунжирсаны эцэст олон ч удаа чад хийлгэн дуугаргаж түүнийг уулгамчлан орилуулж байсан даруулганы дэгээг өөрийн гараар мултлах боломж надад олдов...

- Хайртай гэж хэлээд нүдэн дээр үнсээд босоход нь бүх биенээс минь түүний үнэр үнэртэх шиг санагдана. Бид үүнээс өөр үг сольж ч амжилгүй тэр ээжийгээ босч цай чанахаас өмнө урьтаж гэртээ орохоор өлмий дээрээ шахуу дэгдсээр гэртээ орох үедээ эргэж хараад инээмсэглэв. Ай арван есхөн насны минь дурлал, анхны охин тэнгэр Хулан минь...

Он жил гурвантаа солигдон өнгөрч эр цэргийн албаа нэр төртэй биелүүлээд ирсэн бид нутаг усандаа гунгарваатай бурхадаас ч илүү нэр төртэйгөөр эргэн ирсэн тэр нэгэн намар. Айлууд эсгийгээ хийн, ид намрын ажил ундарч байсан ч биднийг хаана ч очсон бахархсан харц, амаа олохгүй, эзнээ онохгүй шахам магтаалууд тасрахгүй үргэлжилсээр. Цэрэгт байхад гурвантаа эргэж очсон тэр танхил бүсгүйтэй уулзах мөрөөдөл хүсэлдээ шатсан би найз нөхдийн аяыг даган айл айлаар орон байвч сэтгэл минь хэдийн түүний дэргэд очоод надаас өөр хэн ч харж, хүрч чадаагүй ариун нандийн бүхнийг нь мэдрээд хэвтэж байх мэт. Тэднийхтэй ойрхон байх Галдан гуайнхаар буух үед хэдийн үдшийн бүрий нөмөрсөн байлаа. Өдөржингөө морин дээр шогшиж, эсгий чирсэн Галдан өвгөн ч цэргийн хүүхдүүд ирсэнийг далимдуулан буларсан биений чилээ гаргах зүйл нэхэж эмгэнээ бухимдуулна. Өвгөнийхөө ёжилсон үгний цаад учгийг ухалгүй богино ухаант эмсийн зангаар үглэх эмгэний сэтгэл цайлган гэж жигтэйхэн. Сүүлчийн тойрог хэмээн бүх хүнд ирэх халаасан нэрмэлийн үнэр гэрээр дүүрэн ханхлахад өдрийн талыг намрын халуун, найрын халуун цохиулсан залуус эхнээсээ суудал дээрээ үүрэглэн байлаа. Оройноос хойш ажлын завсар нүд буландуулан ширтэх Хандмаа. Хөөрхөн сайхан гэхээсээ илүү сэргэлэн нь дэндсэн энэ хүүхнийг арван жилд байхад нь Овжин туулай гэж нэрлэж байсан нь нэг их буруу дуудсан нэр биш гэлтэй. Энд тэнд үсчин, элдэв хэрэг төвөгт хөвгүүдтэй хамт орооцолдож явдаг түүнийг охин гэж харах хүн арван жилд байраг байгаагүй биз. Харин өнөөдөр тэр өөр болж. Намбатайхан хөдлөх бүрт нь тонтойн өгзөг, алганд багтамгүй томбох хөх, арагшаа шидлэх бүрт нь нуруу цохих бүдүүн хар үс, тэрүүхэн тэндээ зохицсон жижигхэн мэнгэ гээд эрчүүдийн сэтгэл гижигдэх жижиг чимэглэлүүд ихтэй. Гэрийн баруун талыг зүү орой зайгүй болгон шахаж суусан таван залуугийн арван нүд түүн дээр зэрэг зэрэг тусахаас гадна өнөөдөр хэн азтай байсан нь энд үлдэж шагналд нь тонтгор өгзөгний дээр хотойх нурууг тэвэрнэ гэдгээ сайн мэдэж байлаа. Гэвч сонголт зөвхөн Хандмаагийн гарт байв.

Бага үдээс эхлэн айл айл дамжин элдэв өнгийн идээ хүртсэн бие эзэндээ одоо боллоо гэж дохио өгөх мэт. Намрын зөөлөн салхи хаяагаар шургалж ядан сэм сэмхэн сэвэлзэхэд гарч цээж дүүрэн амьсгалмаар санагдав. Тэртээд адуу тургилан үүрсэж, хоттой хонь хамар дуугарган хивж, гэрийн хаяагаар чөдөртэй морьд шир ширхийн өвс хазлах нь сэтгэлд нэг л дулаан. Дотор халуу шатан төөнөх нь тээртэй тул дээлийнхээ энгэрийг задгайлан цамцныхаа товчийг мултлав. Захаа сэвэн, хүзүү хоолойгоор шунаглан орж ирэх намрын салхи хүртэл таатай үнэртэй.

- Та нар ч нилээн халж шүү гэх дуунаар цочин эргэж харвал тугалаа хашчихаал ирсэн бололтой Хандмаа гартаа саалийн жижиг модон сандал сугавчлан ирж явах нь тэр.

- Аргагүй дээ. Өдрөөс хойш тасралтгүй ууж байгаа хүмүүс. Харин ч энэ зэрэгтэй сууж байгаа нь их юм гэвэл

- Сайхан залуус болжээ. Ангийн жаахан хөвгүүд тэр чигээрээ л эргээд ирэх юм шиг санасан гээд толгой гэдийлгэн тачигнатал инээх нь эгдүү хүрэм. Хөлчүү тархинд адын хүсэл шунгинан орж ирэхэд түүний бүсэлхийгээр тэврэн авбал тэрүүхэн тэндээ аальгүйтэх мэт инээж, гараараа түлхэн зайлуулах гэж оролдоно. Талын таатай салхинаас өөр зүйл илбэж үзээгүй болов уу гэлтэй зөөлөн уруулыг нь хүчлэн үнсвэл тэр тэнцвэр алдах шахан гэдийснээ сааль сүүнд зөөлөрсөн гараараа энгэрийн товч оролдон сүүрс алдаад

- Хулан чинь харчих вий дээ. Оройн баран таныг харуулдаад орж гарч холхисоор хоол ундаа ч идээгүй болов уу? гэх хоолойны өнгөнд хайр бас хар багтаж байх мэт.

Гэвч энэ үг байгаа оносонгүй, сэтгэлд туссан ч үгүй. Хэдийн хүсэл тачаалын хар мананд умбасан хэл цангаж ангасан могой мэт түүний хүзүүгээр гүйн тэнүүчилнэ.

Ам хэтэрхий цангах тул улаан хоолой угаа хүртэл хатчихсан мэт санагдана. Ангалзах өвдөх толгойгоо барилсаар босч ирвэл үүр цайгаад хэдийн өглөө болох дөхсөн байв. Гэрийн хажууд барьсан жижиг майханд. Чармай нүцгэн хэвтэх би, гарыг минь дэрлэх Хандмаа. Юу болсоныг яг таг санахгүй ч байгаа байдал орчинг хараад гадарласан ч аль хэдийн хожимдож үйлдчихсэн нүглийн араас харуусах хэцүү. Хаа хамаагүй тайлж шидсэн өмд гутлаа эмхлэн углаж цээж нүцгэн дээлээ нөмөрсөөр майхнаас гарвал хэдийн хөндийн айлуудын яндангаар сүүмэг цэнхэр утаа суунаглаж, эхнэрүүд хотноос зайдуу хоносон үхрээ цуглуулж яваа харагдав. Өглөөний сэрүүн агаараар цээж дүүрэн амьсгалж холын тэртээх тэнгэрийн хаяаг ширтэнгээ морь харж зогстол хажууханд хэн нэгэн хоолой засах сонсогдов. Хээр хоносон үхрээ тууж яваа бололтой, хонгор морьтой бүсгүй морьныхоо амыг татан зогсож амжаагүй шахам байхад нь үсрэн буугаад гүйн ирж ичингүйрэн энгэрт тэврүүлсэн нь Хулан байв. Шанхнаас нь хээрийн салхи , хонгорхон үнэртэй нь холилдон үнэртэж, жижигхэн гараараа энгэр тэмтчин илэх, нүдэнд нь тийм гэхийн аргагүй баясал гийх түүний царай руу би удаан харж чадсангүй. Гэмшихдээ нүүрээ бууруулан гарыг нь атгасан ч майхнаас дөнгөж гарч ирээд дээлээ бүслэж зогсоо Хандмааг харсан Хулан гараа алгуурхан мултлан авлаа.

Ай хорин хоёрхан насны, хорьж дийлээгүй хүслийн минь алдааны үрээр үүрээ орхин ниссэн танхил Хулан минь. Дараа намрын шүүдэрт өглөөгөөр найрын зар тарааж, давчидсан сэтгэлийн минь буланд чамайг гэх хайрыг булшилсан намар цагийн оройтсон гэмшил, намайг гэх үзэн ядалт минь...

Луза

2010.09.12

Comments

  1. Сээгийнүүд нь дагадаа хуулагдаж ирсэнгүй ээ

    ReplyDelete
  2. ай хөөрхий.. гээд дахиад сээгийдчий дөө

    ReplyDelete
  3. iim blogtoi boloo yu banjig ajillaj bgaamu orj bval bichkeguudee avahiinsaa

    ReplyDelete
  4. БээМэр баярлалаа гээ дахиа хэлчий хаха


    Дао нэгийм гэртэй болллоо эндээ бүр суурьший гэж боджийно Банжигаас юмаа хуулахад их хэцүү байнаа гэхдээ гүүгэлдээд катч хийгээд зарим нэгиймаа авжийнаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав