Хадам аав
















   Хадам аавын бие муудаад эмнэлэгт үзүүлэхээр хөдөөнөөс ирэв. Үүрээр ирсэн тэднийг нүдний хор гаргаж амжаагүй шахам байхад хамаатан садан, ах дүүс нь шавсаар их үд өнгөрлөө. Хөдөө баргын бүдүүлэгдүү, гэр хорооллын хамаатнууд нь орж ирээд гутлаа тайлахаа ч мэдэхгүй, аваад удаагүй Алтанбулаг хивсэн дээгүүр хар мөр палийтал нь татуулан зочны өрөө рүү зүтгэх.

    Мянгат малчны хүүтэй ханилах гэж байгаад найз нөхөд атаархаж, баяр хүргэх нь хүргэх ч хөдөөний бэр болох ч хэцүү дээ гэх зарим нэг нь байсан ч хадмуудтайгаа нэг их ойртолгүйхэн шиг зайгаа барьж харьцаад л байж байвал болно доо гэх дотно найзын час хийсэн үгээр сэтгэлээ тэжээж, хадмуудтайгаа албан ёсны харилцаатай байсаар нэг жилийг үдэж.
    Манай хадам аав гэж сэтгэлд нь элдэв дээдийн зүйл таалагдахгүй яхир хөгшин байх. Нутаг нугадаа зартай ажилтай, ааштай гэх түүний бэр болоод очиход нилээн голж , харууссан харцаар ширтэж суусан . Магадгүй хот газрын цагаан гартай охин хүүгийн нь эхнэр болоод үүрийн таван жингээр босч үхэр сааж, өдрийн баран тогоо шанагатай зууралдана гэдэг сэтгэлд нь багтахгүй байсан биз.
   - Миний хүү ч гэж эхнэрийн ам харсан өөрийн гэх толгойгүй өрхийн тэргүүн гарч ирэх байхдаа гэсэн үгийг нь сонсчихоод хадам аавдаа хачин их уур хүрч билээ. Зуны амралт болоход л Зоригт гэр лүүгээ харих гэж тэмүүлэх. Харин миний хувьд өглөө эртлэн босч, босч суух нь хүртэл тээртэй тийм амралтыг үл хүсэх тул нойроо ханатал унтаж, бэлдээд тавьчихсан сайхан халуун хоол идэж, найз нөхөдтэйгөө тоглож наадан сэтгэл тэнэгэр амрах нь чухал. Тийм дээ ч гэр бүл болсон зунаа л хадам аавындаа гурав хоноод дахиж нэг ч очоогүй хүн.
    Онош нь сайн тогтоогдоогүй байхад л ах дүүс нь сүр бадруулах нь инээд хүргэнэ. Яагаад ч юм хадам аав зүгээр л баашилж байгаа мэт санагдан түүнийг үл ойшоосон байдал харуулна. Зоригт мэддэг таньдаг бүх л хүн рүүгээ утасдаж, өглөө болгон эмнэлэг дагуулж яваад шинжилгээг нь дорвитойхон хийлгэсэн ч олигтой хариу гарсангүй.
   Өдөр өдөрт царай алдан дуу нь цөөрөх хөгшнийг хараад анх удаа харууслын бас өрөвдөх сэтгэл төрөв. Хичнээн сэтгэлд нь хүрсэн сайн бэр байж чадахгүй ч гэлээ ядаж л өвдөж ядарч хэвтэхэд нь хүн шиг байх гэж хичээхдээ оройд шар тосонд хуушуур хайрч хөл гарыг нь жигнэж өгөх, ганцхан сайн хийж чаддагаар нь хийцтэй халуун цай чанаж өгнө. Хадам аавын нүд нь жигтэйхэн хангалуун харагдах ч ямар нэг зүйл үл хэлнэ. Ингээд бараг сар гаран болов.
   Нэг өдөр ажлаа тараад дэлгүүрээр ороод гарахдаа хонины шинэ мах дөнгөж ирж байхтай таарав. Өөх тостой хоолонд муу болохоор манай хөргөгчинд ихэвчлэн үхэр, тахианы мах л байх. Бодоод байхнээ ганц ч өдөр олигтойхон хоол хийж өгөөгүй мэт санагдах тул хар шөл хийж өгөхөөр нэг килограм хонины мах авав. ЗҮгээр ч бас авчихсангүй аль нь илүү амттай байхыг нь шалгааж махны худалдагч бүдүүн хар хүн биеийн тэнхээ муудсан үед хамгийн хэрэгтэй зүйл нь хонины гуяны махыг зорж хийсэн хар шөл гээд хэрхэн амттай хийхийг нь зааж өгөв.
   Бараг дуу аялах шахам гэртээ орсонд хадам аав өндийгөөд суучихсан зурагт үзэж байх нь тэр. Яагаад ч юм сэтгэл өөрийн эрхгүй цэлмэж, хурдхан шиг гараа гарган шөл хийж өгөхөөр гараа угаагаад хормогчоо өмслөө. Биеийн дотор халууныг бууруулахад цагаан мөөг тустай гэж хаанаас ч юм нэг удаа уншиж байснаа санаад хар шөлөндөө мөөг хийв. Сүүлийн үед нөхөр их л сэтгэл нь хангалуун байгаа бололтой байн байн ирж шанх үнэрлэх нь аавыг нь өвдөөд хэвтэхэд чадах ядахаараа асарч байгаад талархлаа илэрхийлж буй нь тэр.
   Салхи цохичихож мэдэх тул хөнжлөөр нь битүү хулдан хучаад аягатай хар шөлөө урд нь эвтэйхэн тавьбал хадам аав бас л юу ч хэлсэнгүй шөлөө халбагадана. Үг дуугүй дүнсийх бүрд нь урам хугарах тул ядаж амттай бол амттай, амтгүй бол амтгүй байна гээд хэлчихэд яадаг байнаа гэж дотроо бяцхан бухимдана.
    Аав бас л аягаа чимээгүйхэн ширээн дээр тавиад хөнжлөөрөө хучаад цааш хараад хэвтчихэв. Харин би дотроо нөхөр минь хөгшрөхөөрөө ийм болвол яана гэж бодохоос эмээх шиг. Нээлттэй салхивчаар хүйтэн агаар нэвт хүүгэн орж ирэх өвлийн нэгэн шөнө өрөөний хаалга аяархан чихран дуугараад нэг хүн орж ирэх шиг болсоноо
   - Зоригтоо миний хүү сэрээрэй. Аав нь нэг л бишээ гэсээр хадам ээжийн сандрангуй царай шөнийн гэрэлд барайж харагдана.
   Хамаг хөлс нь чийхраад, царай нь цаас мэт цонхийчхсон аавыг босгож суулгах гэсэн боловч түүнд өндийх ч тэнхэл байсангүй. Яаран сандран түргэн дуудаж, ойрхон байх хамаатнуудад нь хэл дуулгав. Бараг цаг гаран болсоны дараа түргэний эмч ирээд тайвшруулах тариа хийснээ шууд эмнэлэг рүү авч явахаар болов. Бага үдийн алдад бүх шинжилгээний хариу гарч эмч нарын хуралд яаравчлан оруулсан боловч бүх зүйл хожимджээ.
  - Аав чинь ходоодны хавдартай байсан юм байна. Их нуугдмал хэлбэртэй байсан болохоор шинжилгээгээр сайн мэдэгдэхгүй байж л дээ. Харин шарх нь задарсан учраас одоо илэрч байгаа нь тэр. Гэтэл та нар чинь яахаараа өөх тостэй, хурц хоол унд өгч байсан юм бэ? гэх эмчийн нүдэнд айж сандрах, зовох шаналахын өчүүхэн манан ч байсангүй болдог юм жамаараа болж байх шиг л тоомсоргүй царайлна.
  Өөх тостой хурц хоол гэнгүүт тархин дундуур шаагаад авах шиг л болов. Би гэж тэнэг эм. Хэрвээ тэгээгүй байсан бол ядаж хавдартай ч гэсэн хэдэн өдөр ч болсон илүү наслах ч байсан юм билүү гэх харууслын бодол ухаарлын манантай тархинд сүлэлдэнэ. Ингээд хоёр хоногийн дараа ямар ч найдваргүй гэсэн оноштой, өвчин намдаах эм авах бичигтэй бид гэртээ ирлээ. Олон километр газар машинаар явж хүчрэхгүй учир онгоцоор явахаар болж хэзээ өнгөрөхийг нь мэдэхгүй туд нөхөр маань ч ажлаасаа сарын чөлөө аваад хамт явахаар болов. Гэнэт тэдэнтэй хамт явмаар санагдлаа. Энэ бодлоо нөхөртөө хэлтэл гайхсан бас итгэж ядсан харцаар харсанаа
  - Миний хайр гэртээ ганцаараа үлдэхээс айгаа юу? Тэгвэл Гэрлээг гэртээ авчраад хамтдаа байж болно шүү дээ гээд замдаа авч явах халуун сав тэргүүтнээ бэлтгэж эхлэв.
   Гэртээ ганцаараа үлдэхээс айсангүй. Харин орчлонд эцгийн нөмөр нөөлөг үгүй болох нөхрөө аавыгаа алдах сүүлийн агшинд хажууд нь байж сэтгэлийг нь жаахан ч гэсэн ханьтай байлгах гэж л бодсон хэрэг байв. Мөн хадам эцгийхээ өмнө ямар нэг гэм хийчихсэн мэт санагдахад өөрийн эрхгүй би заавал явах ёстой гэсэн бодол тархинаас үл сална.
    - Миний охин наашаа нэг ороод ирдээ гэсээр хадам ээж зөөлхөн гишиглэн өрөөндөө оров
  Халгасаар өрөөнд ортол хадам аав өндийгөөд суучихсан, хөдөө явахдаа өмсөхөөр зэхсэн ээжийн минь хурган дотортой дээлийг харсанаа
   - Миний охинд харин дээл их хөөрхөн зохих юм уу даа? Яах аргагүй л Монгол бүсгүй шиг харагдаж байна гэснээ хэлсэн хэдэн үгэндээ амьсгаадан цээжээ дуугарган
   - Алив аав нь охиноо нэг үнсье. Хуриман дээр нь ерөөл хэлж ганц үнссэнээс биш өөрөөр нэг ч эрхлүүлж үзээгүй хүн юм байна шүү дээ гээд духан дээр удаан гэгч нь үнэрлэснээ
  - Аав нь одоо буцахад санаа зовох зүйлгүй боллоо. Хүүгээ ийм сайхан ханьтай болохыг харсан. Бэрийнхээ гараас аагтай сайхан цайг нь ууж, хорвоогоос буцахын аман дээр ч гэлээ гарынх нь хоолыг идэж, биеэ асруулж тэтгүүллээ. Үүнээс илүү аз завшаан гэж хаа байхав. Сэтгэл сайтай хүн хоол цай сайтай байдаг юм. Миний хүү ч алзахгүй ээ гэснээ
  - Зоригтоо миний хүү хүний сайхан охин үрийг жаргаадаггүй юмаа гэхэд зовоолгүй амьдрах хэрэгтэй шүү гээд өөр хэлэх зүйл байхгүй гэсэн мэт орон дээрээ хэвтээд нүдээ анив. Удалгүй ямар нэг юм хэлэх байх гэж хүлээсэн ч тэр биднийг юу гэж хэлэхийг хүлээх мэт чимээгүй.         Магадгүй удаан гэгч нь зөөж хэлсэн хэдэн үгэндээ тээртэн ядарсан ч байж мэдэхээр дээр дээр хүндээр амьсгална.
   Амьдралынхаа эцсийн мөчид хэн нэгнээс үгээ харамлахыг хүсээгүй байх. Гэвч энэ бол миний хувьд амьдралдаа сонссон хамгийн том магтаал байлаа. Үүр цүүрээр Нисэх рүү хөдлөхөд нь цурам ч хийж чадалгүй хоносон би үүдэн дээрээ тэднийг үдэхээр гарав. Гэр хорооллын гашуун утаа хоолой хорсгосон өвлийн өглөө. Хорооллын есөн давхар байрнуудын гэрэл бүгд унтраастай. Гэрээс гарахад нь унтуулах тариа хийнэ гэж эмч хэлсэн боловч өвгөн зөрүүдэлсээр онгоцонд суухын өмнө хийхээр болов.
   - Би тэртээ тэргүй хорвоогоос буцах хүн. Харин ганц хүүгийнхээ гэрээс үхлүүт хэвтээгээрээ гармааргүй байна гэх өвгөний нүд ээжийгээ даган ямар нэг зүйл шулганан зөрүүдлэх хүү гэлтэй гялалзана.



ЛуЗа
2010.09.18

Comments

  1. хар үүрээр оруулаа юу ай.. кк
    миний шинэ блогийг листэндээ оруулаарай, нөгөөхөө устгаж магадгүй шүү


    өө чи энэ үг үсэг дуурайж бичдэг юмаа байхгүй болгочооч гэцүүтэйн

    ReplyDelete
  2. Сайн уу хө
    Сайн явж ирэв үү хө
    Нүүгээд ирдэг чинь сайн болж.
    Гэхдээ чам шиг залхуу хүн хаа ч байсан яах вэ дээ хахаха :Р

    ReplyDelete
  3. би өөрөө зүгээр л бичээдайхым гэснээс энэ блогспот чинь цаг энэ тэр нь буруу яваад хахаха хэцүү газрым гсн


    Дэнэгэээ сээноо чамайгаан дагаад ирлээ гэснээс чи нааг яагаад залхуу гэжийгаан би чинь үүннннннн завгүү хүн ш дээ

    ReplyDelete
  4. Нэгт бичлэг хийхгүй бна
    Хоёрт Энэ бичлэгний сэтгэгдлүүдийг авч ирээгүй бна.
    Тийм болохоор залхуу гэж байгаа юм

    ReplyDelete
  5. хадамтай хүн ондоо бичжийн шүү луза

    ReplyDelete
  6. Сайн уу, Гоё өгүүллэг байна. Чиний бичсэнийг унших дуртай шүү, Амжилт хүсье

    ReplyDelete

Post a Comment